Израилын эрүүл мэндийн газрын мэдээлснээр тус улсад коронавирусний хоёр тун вакцин хийлгэсэн иргэдийн 0.01 хувь нь цар тахлын халдвар авсан байна. Энэ нь цар тахлын хоёр тун вакцин хийлгэсэн 128.600 хүнд хийсэн судалгааны үр дүн юм байна.
Израил улс "Пфайзер", "Бионтех" компанийн гаргасан вакцинаар хүн амаа дархлаажуулж байгаа юм. Судалгаанаас харахад 128.600 хүний 20 нь вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш долоо хоногийн дараа халдвар авчээ. Гэхдээ халдвар авсан 20 хүнд ханиалгах, толгой өвдөх зэрэг хөнгөн шинж тэмдэг илэрсэн, хүнд шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хэвтсэн хүн байхгүй юм байна.
Энэ бол судалгааны урьдчилсан дүгнэлт, цаашид судалгааг илүү нарийвчилж хийнэ гэж судалгааны багийн ахлагч мэдэгджээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-нд вакцинжуулалтаа эхлүүлсэн Израил улс хүн амаа цар тахлын эсрэг хамгийн хурдан хугацаанд вакцинжуулж байгаагаараа дэлхийд тэргүүлж байна.
Мягмар гарагийн байдлаар тус улс хүн амынхаа 30 хувийг буюу 2.7 сая хүнд вакцины эхний тунг хийсэн бол 1.4 сая хүнд хоёр дахь тунг хийсэн байна. Тус улсын 9 сая хүн амаас 600 гаруй мянган хүн коронавирусний халдвар авсан байна. Тус улсад хэрэгжиж байгаа гурав дахь хөл хорионы дэглэм энэ сарын сүүлч хүртэл үргэлжлэх юм.
| Израилд вакцин хийлгэсэн хүмүүсийн 0.01 хувь нь коронавирусний халдвар авчээ | ||
| Үзсэн: 721 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.