Шууд Chart

А.Баярсайхан: Орон нутгаа дэлхийд ч, Монголдоо ч сурталчилсан дэлгэцийн бүтээл хийхийг зорьж байна

2021-02-01 12:03:55

Дөрвөн есийн хүйтний жавар ид тачигнаж байхад кино зургийн багийнхан түмэн завгүй. Өвлийн улиралд кино бүтээх нь цаг агаараас эхлээд хүч хөдөлмөр, тэвчээр шаардаж байгаа хэдий ч цар тахлын нөхцөлд үзэгч түмнийхээ дархлааг дэмжихээр Дорноговь аймгийн уран бүтээлчид хамтран “Одонтой аав” инээдмийн уран сайхны контент бүтээжээ.

Энэ сарын 9-нөөс эхлэн IPTV-ээр дамжуулан үзэгчдийн хүртээл болох тус киноны зохиолч, найруулагч, соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрын ерөнхий найруулагч, соёлын тэргүүний ажилтан А.Баярсайхантай ярилцлаа.

-Уран бүтээл өндөр үү. Шинэ уран бүтээлийн тань талаар хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-Өндөр байна аа. “Одонтой аав” кино маань Дорноговь аймгийн уран бүтээлчдийн дэлгэцийн хоёр бүтээл юм. Бид эхлээд сар шинийн баярт зориулсан баярын контент байдлаар хийе гэж ярилцаж байсан боловч баярын контент гэхээсээ илүү дэлгэцийн чанартай бүтээл хийхээр болоод DTV /Дорноговь телевиз/-тэй хамтарч ажиллахаар болсон. Кино багт 60 гаруй хүн ажиллалаа. Гэхдээ яг кино групп дотроо 20 орчим гол дүрийн уран бүтээлч оролцсон. Манай киноны гол дүрд мэргэжлийн уран бүтээлчид тоглосноороо онцлогтой. Өмнө нь дэлгэцээр харж байгаагүй, өөр кинонд дүр бүтээгээгүй жүжигчдээр баг бүрдүүлсэндээ баяртай байгаа. Манай улсад нэг жилийн хугацаанд 60-70 кино бүтээл гардаг. Үүнд нэг жүжигчин дунджаар 5-8 кинонд дүр бүтээсэн байна. Үзэгчид маань нөгөө л нэг жүжигчин дахиад энэ кинонд тоглосон байна гээд шүүмжлэх аястай байдаг. Харин манай киноны ялгарах онцлог бол бүх дүр шинэ гэдгээрээ онцлогтой. Үзэгчдийн олж хараагүй дүр олон бий. Энэхүү кинонд бидний амьдралд тохиолддог бодит үйл явдал өрнөдөг учраас үзэгчдэд илүү дотно санагдах байх. Инээдмийн уран сайхны кино гэдэг утгаараа уран сайхны тавилттай авсан хэсгүүд ч нэлээн хэд бий. 

-Зураг авалт дууссаны дараах мэдрэмжээ хуваалцана уу. Одоо ямар шатанд киноны ажил үргэлжилж байгаа вэ?

-Яг зураг авалт дууссаны дараа орон нутаг гэж ярьмааргүй байна. Орон нутаг гэдэг бол зөвхөн газар нутгийн хилээр л хязгаарлагддаг, харьяалагддаг болохоос биш тайз, дэлгэцийн бүтээлд энэ хөдөөнийх, энэ хотынх гэж ялгах боломжгүй л дээ. Манай кино багт Улаанбаатар хотоос мэргэжлийн дууны найруулагч ирж ажилласан. Маш туршлагатай хүн ирсэнд бид баяртай байгаа. Гарч байгаа сцень бүрийг өнгөлөг болгох гэж зорьсон. Тасралтгүй 10 хоног өдөр, шөнөгүй зураг авалт үргэлжилсэн. Одоо монтаж, хөгжмийн найруулга, эвлүүлэг гэх мэт хамгийн чухал ажил хийгдэж байна. Улаанбаатар хотоос ирсэн дууны найруулагч маань долоо хоногийн хугацаатай томилолттой ирсэн. Ер нь бол сар гаруй үргэлжлэх зураг авалтыг 10 хоногт шахаж багтаан авсан. Шөнийн гурав, дөрвөн цагт зураг авалт дуусаад өглөө эрт үргэлжлүүлэн авч байв. Шөнө урт, өдөр богино болохоор бид маш их хөдөлмөрлөсөн. Үнэхээр завгүй өдрүүд байлаа. Ядарсан ч гэсэн том ажлын ард гарсандаа баяртай байна.

-Дорноговь аймагт зураг авалт хийхэд хүндрэлтэй асуудал байсан уу. Найруулагчийн санаанд таарах обьект хэр олдоцтой байв?

-Мэдээж Сайншанд хот гэдэг утгаараа олон гоё газар олонтой. Зураг авалтуудад түүхэн болон орчин үеийн засалттай обьектууд багтсан. Сайншандад уран сайхны киноны зураг авах, хийх нөхцөл бүрэн боломжтой гэдгийг сая харлаа. Гадаа зураг авалтын  үеэр гэрэлтүүлэг жаахан дутагдаж байсан. Гэхдээ бид Сайншандынхаа бүхий л өнгөлөг сайхан газрыг сонгож зураг авалтаа хийсэн. Сүүлийн жилүүдэд манай Сайншандад олон бүтээн байгуулалт хийгдсэн. Үүнийгээ дагаад өнгө үзэмж сайхан болж байгаа. Цаашид ч илүү сайхан болно гэдэгт итгэж байна. Тиймээс нутагтаа уран бүтээл хийгээд үзэгч түмний хүртээл болгох бүрэн боломжтой юм байна гэдгийг кино багт ажилласан уран бүтээлчид ярьж байна.

-DTV, “Саран хөхөө” театрын уран бүтээлчид хэрхэн хамтран ажилладаг вэ. Ялангуяа цар тахал дэгдсэн одоогийн нөхцөл байдалд уран бүтээлээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан үзэгчиддээ хүргэх нь чухал шүү дээ. Энэ тухай ямар бодолтой байна вэ?

-Өнгөрсөн жил DTV (Дорноговь телевиз)-ийн хамт олонтойгоо хамтраад бусдын санаачлаагүй олон сайхан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Үргэлжлүүлэн уран бүтээлээ чанаржуулж уран сайхны киноны хэмжээнд очно гэдэг бол техник болоод сэтгэхүй, ур чадварын дэвшил юм. Ихэвчлэн залуучууд байгаа болохоор нэгдэж нэг зорилгын төлөө ажиллаж чадаж байгаад баяртай байна. Ер нь орон нутаг, Улаанбаатар гэж зааглаж, сэтгэхгүйгээр зүгээр л адилхан уран бүтээлч гэж үзвэл хэнээс ч дутахгүйгээр юу ч хийж чадна. Театр, телевиз хамтраад хандивын тоглолт, лайв тоглолт хийж чадсан. Одоо бүрэн хэмжээний уран сайхны кино хийж байна. Дараа нь шашин урлагийн теле концерт хийхээр төлөвлөж байгаа. Аливаа уран бүтээл хийхэд дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Дэмжлэггүй уран бүтээл ядруухан болдог шүү дээ. Манай аймаг олон сайхан түүх соёлын өв болсон нутаг. Жишээлбэл Их говийн зоригтнуудын тухай, Хутагтын тухай гээд л. Тиймээс соёл, урлагийн салбараа хөгжүүлж, ялангуяа дэлгэцийн бүтээлийг ихээр хийж хойч үедээ үлдээх нь чухал байна. Энэ салбарыг цаашид хөгжүүлэхгүй бол баримт байхгүй болно. Дэлгэцийн бүтээлд нутаг орныхоо түүхийг мөнхөлж үлдээх нь олон талын ач холбогдолтой. Миний нэг зорилго бол орон нутгаа дэлхийд, Монголдоо суртчилсан дэлгэцийн бүтээл хийх.   

-Тайз, дэлгэц хоорондоо асар их ялгаатай гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. “Одонтой аав” кино нь жүжигчдээс ямар ур чадварыг илүү шаардсан бэ?

-Бид тайзны уран бүтээлийг байнга л хийдэг байсан. Хамгийн сүүлд “Лир Ван” жүжгээр зүүн бүсийн шилдгээр тодорч “Гэгээн Муза” наадамд оролцсон. “Саран хөхөө” театр нь жүжиг болон хөгжмийн суурьтай театр юм. Цар тахал гарсны улмаас бид тайзнаа жүжиг тавих боломжгүй болсон. Тиймээс уран бүтээлч бидний хувьд дэлгэцийн бүтээл рүү шилжиж, яалт ч үгүй хувьсан өөрчлөгдөхөөс өөр гарцгүй болсон учир телевизээр дамжуулан уран бүтээлээ үзэгчдэд хүргэж эхэлсэн. Өмнө нь 400-500 үзэгчдэд  уран бүтээлээ хүргэдэг байсан бол цахимаар үзхэд энэ тоо хэдэн дахин нэмэгдсэн байдаг. Орчин үеийн театр хаашаа л бол хаашаа хөрвөх чадвартай байх ёстой. Тайзны жүжигчдийг шууд кино жүжигчин болгосон нь маш том өөрчлөлт байлаа. Тайзнаа олон жил жүжиглэсэн хүн тод, чанга ярих, тоглолт хэтрүүлэх, нээлттэй тоглох зэрэг ур чадвар суусан байдаг юм билээ. Гэхдээ үүнийг эвдэж, дэлгэцнээ маш энгийн жүжиглэх, нүд үнэн байх, хөдөлгөөнөө хязгаарлах гэх мэт олон ур чадвар тухайн жүжигчнээс гарсан. Дэлгэцийн бүтээл олон дахин дубльдэж болдог болохоор давуу талтай. Харин тайзны бүтээл эсрэгээрээ нэг л удаа тоглодог. Манай мэргэжлийн жүжигчид маш сайн хувирч ажилласан. Цаашдаа ч театрын жүжигчдэд маань олон киноны дүрийн санал ирнэ гэдэгт итгэлтэй байна. 

–Энэ удаагийн киноны гол дүрд ямар жүжигчид тоглосон бэ. Хэрхэн дүрээ сонгов?

-“Саран хөхөө” театрын дарга, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Идэрболд, Замын-Үүд сумын Соёл, спортын ордны жүжиглэх урлагийн багш Н.Төрбадрах ах тоглосон. Соёлын тэргүүний ажилтан Б.Даваахүү, Б.Баттөмөр, С.Лхагвасүрэн, миний бие туслах дүрд тоглосон. Харин дөрвөн охины дүрд, соёлын тэргүүний ажилтан  Ч.Одондэмбэрэл, Э.Золзаяа, Б.Болортуяа, Д.Дариймаа нарын залуу жүжигчид тоглосон.

-Киногоор дамжуулан үзэгчдэд юу хэлэхийг зорьсон бэ?

-Уран бүтээл гэдэг утгаар нь хүн бүхэн үзээсэй. Үзэгчдийн кино үзэх хүлээлтийг унагахгүй гэдэгт итгэж байна. Шинэлэг, онцлог кино болсон. Үзэгч та бүхэн ухаарал, баяр баясал, инээд хөөрийг манай уран бүтээлээс мэдрэх болно. Хамгийн гол нь гэр бүлийн нэг нэгнээ энэрэн хайрлах сэтгэл, хайрлана гэдэг ямар сайхан бэ гэдгийг мэдэрнэ. Амьддаа бие биенээ хайрла гэж хэлж ярьцгаадаг. Энэ хэмжүүр нь цаг хугацаагаар илэрхийлэгддэг. Тиймээс одоо байгаа энэ цаг үе маань биднийг хүлээхгүй шүү. Өнөөдөр та аавдаа очъё гэж бодож байгаа бол өнөөдөр л очих хэрэгтэй. Маргааш юм уу, нөгөөдөр очиход тань оройтсон байх вий. “Одонтой аав” киног үзсэнээр магадгүй хол байгаа аавыгаа зорино. Магадгүй гэр бүлдээ илүү анхаарал, цаг хугацаа, хайр, халамж гаргах болно. Нэг уран бүтээлийн ард олон хүний хөлс, хүч, хөдөлмөр шингэсэн байдаг. Гэрэлтүүлэгч, туслах ажилтан, зураач, зургийн дарга гэх мэт маш олон хүн бий. Аливаа уран бүтээлийн цаад мөн чанар, агуулгыг ойлгож үзээрэй гэж уриалж байна.

-Хэрвээ танд соёл урлагийн тухай бодлого тодорхойлох боломж олдвол ямар саналыг оруулах вэ?

-Энэ төрөлд тулгамддаг олон асуудал байдаг. Ирээдүйг харсан соёлын байгууллагыг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсронгуй болгох, соёлын менежментийг сайжруулах нэн шаардлагатай. Энэ жил Ардын хувьсгалын 100, Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна. Тиймээс аймгийнхаа түүхийг харуулсан ажлыг хийхээр төлөвлөгөөнд оруулсан. Мөн говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойгоор Хутагтын тухай томоохон уран бүтээл хийх, биет бус өвийг тээж байгаа уран бүтээлчдийг хамруулан тэдний авьяасыг сурталчилсан дэлхийд таниулах ажлыг хийх хэрэгтэй байна.

-40 жилийн түүхтэй “Саран хөхөө” театрын ерөнхий найруулагчийн хувьд тайзнаа ямар уран бүтээл хийж үзэгчдэд толилуулахыг хүсч байна вэ?

-Соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө”  театрын 40 жилийн ой маш өргөн дэлгэр болох төлөвлөгөөтэй байсан боловч 40 жилийн тоглолт бүгд хойшлогдож, зарим нь цуцлагдсан. Миний хувьд театртаа яг энэ цаг үед ажиллаж байгаадаа баяртай байдаг. 2021 онд дуулалт жүжиг найруулан үзэгчиддээ хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Дэлхийн хэмжээний бүтээлийг Монголд, тэр дундаа Дорноговь аймагт амилуулах бодолтой байна. Дэлгэцийн бүтээлээ ч орхихгүй хийнэ. Өсвөр үеийн хүүхдүүдэд зориулсан ажил руу ч чиглэнэ.

Баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Баярсайхан: Орон нутгаа дэлхийд ч, Монголдоо ч сурталчилсан дэлгэцийн бүтээл хийхийг зорьж байна   
Үзсэн: 3962 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй