Шууд Chart

С.Ганбаатар: Бие даагчид яагаад эсрэг санал өгснийг би мэдэхгүй

2014-05-01 16:18:36

УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс УИХ-ын гишүүн, сайд нарын "давхар дээл"-ийг тайлахад хатуу байр суурьтай буйгаа удаа дараа мэдэгдэж байсан.

Харин өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд бие даагчид нэгдсэн байр суурьтай байж чадсангүй. Тодруулбал, С.Ганбаатар гишүүн дэмжсэн санал өгсөн бол Ц.Даваасүрэн болон Х.Болорчулуун нар эсрэг санал өгсөн юм.
 
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.
 
-Та анхнаасаа уг хуулийн төслүүдийг дэмжиж байсан. Гэтэл УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжсэнгүй. Яагаад ийм байр суурьт хүрэх болов?
-Өнөөдөр Монголын парламентийн түүхэн дэх хамгийн тэнэг, хамгийн гунигтай шийдвэр гарлаа. Би "давхар дээл"-ийг тайлах нь зөв үү гэсэн санал хураалтад зөв гэсэн санал өгсөн. Харин хоёр хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг тус тусад нь санал авсныг буруу ойлгоод сүүлийн санал хураалтад эсрэг санал өгчихсөн юм.
 
-Хагас жилийн турш талцаж, судлаж, хэлэлцсэн асуудал өнөөдөр уначихлаа. Тэгэхээр энэ асуудал ойрын хэдэн жилдээ дахин сөхөгдөхгүй л болов уу. Энэ тал дээр таны бодол?
-Би давхар дээл тайлах нь зөв гэдэг байр суурь дээрээ хатуу зогсоно. Монголын улс төрчид энэ ичиж үхмээр байдлаа ард түмнийхээ өмнө тайлбарлах байх гэж бодож байна. Энэ асуудал ингээд дуусаагүй, дахин өргөн барина.
 
-Бие даагчдын зөвлөлийн хоёр гишүүн давхар дээлийг тайлахгүй гэсэн санал өглөө. Тэднийг Ерөнхий сайд өнөөдөр хүлээн авч уулзсан гэсэн мэдээлэл гарсан. Тэдний гаргасан шийдвэр нь үүнтэй холбоотой юу?
-Энэ талаар тэднээс өөрөөс нь асуу. Яагаад байр суурьнаасаа эсрэг санал өгснийг нь би мэдэхгүй байна.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

С.Ганбаатар: Бие даагчид яагаад эсрэг санал өгснийг би мэдэхгүй  
Үзсэн: 1091 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй