Шууд Chart

Нгуен Фу Чонг Вьетнамын Коммунист намын даргаар улиран сонгогдоод байна

2021-02-02 10:16:24

Вьетнамын Коммунист намын 13 дахь удаагийн Үндэсний чуулган өндөрлөөд байна. Энэ удаагийн их хурлаар  Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар Нгуен Фу Чонг улиран сонгогдоод байна. Тэрээр Вьетнамын түүхэнд хамгийн олон  жил төр удирдаж байгаа улс төрчдийн нэгээр нэрлэгдэж байна. 

Бусад коммунист орнуудын адилаар Вьетнам улсад ганц л улс төрийн нам засаг, төрийн эрхийг барьсаар ирсэн. Тэгвэл өнгөрсөн 10 жилийн турш Коммунист намын даргаар ажилласан өдгөө 76 настай  Нгуен Фу Чонг энэ албан тушаалд 3 дахь удаагаа сонгогдоод байна. Гэхдээ энэ нь түүний гэхээсээ илүүтэй намынхных нь хүсэл, шийдвэр гэдгийг онцолжээ. Тэрээр эрүүл мэндийн хувьд сайнгүй байгаа  хэдий ч  бүхий л чадлаа дайчлан ажиллахаа амласан байна. 

Вьетнам улс ганц намын тогтолцоотой ч гэсэн бүх эрх мэдэл ганцхан хүний гарт төвлөрдөггүй гэдгийг шинжээчид онцолж байгаа юм. Тодруулбал, Намын ерөнхий нарийн бичгийн даргаас гадна ерөнхий сайд, ерөнхийлөгч болон Үндэсний Ассамблейн дарга гэсэн өндөр албан тушаалуудын хооронд эрх мэдэл хуваагддаг байна. Таван жил тутамд Коммунист намын 1600 гаруй төлөөлөгч чуулж, намын Төв хорооны 200 гишүүнийг сонгодог. Энэхүү төв хороо нь улс төрийн товчооны 20 гишүүн сонгодог. Эдгээр 20 хүнээс намын дарга болон, ерөнхий сайд, ерөнхийлөгчийг сонгодог байна.

Нгуен Фу Чонг өнгөрсөн жилүүдэд Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа авилгалын эсрэг амжилттай тэмцэл өрнүүлсэн гэж сайшаагдаж байгаа. Мөн түүний удирдлагын доор Коммунист нам коронавирусний эсрэг амжилттай тэмцэж, халдварыг хавтгайруулаагүй цөөн орнуудын нэгээр нэрлэгдэж байна. Мөн  Сүүлийн жилүүдэд Вьетнамын эдийн засаг хурдацтайгаар тэлж байгаа юм. 2021 онд эдийн засгийн өсөлтийг 6.5 хувьд хүргэх зорилтыг тавиад байжээ. Гэхдээ цар тахлын сөрөг нөлөөгөөр эргэн агшаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нгуен Фу Чонг Вьетнамын Коммунист намын даргаар улиран сонгогдоод байна  
Үзсэн: 578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй