Шууд Chart

Р.Бурмаа: Намын дарга нарын үгийг дагасангүй гээд намаас хөөхгүй

2014-05-01 17:21:33

Засгийн газрын гишүүдийн "давхар дээл"-ийг тайлах хуулийн төсөл яригдаж чуулганаар анхны санал хураалтаа явуулахад АН-ын нэр бүхий зарим гишүүд намын нөхдөөсөө эсрэг санал өгч байсан. Гишүүдийн "давхар дээл"-ийг тайлахыг дэмжсэн тэдгээр гишүүдийг намаас хөөх хүртэл яриа гараад байгаа.

Намаасаа эсрэг санал өгсөн УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, М.Зоригт нар өнөөдөр ч дахин эсрэг санал өгсөн. Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Бурмаагаас тодрууллаа.
 
 -"Давхар дээл" тайлах хуулийн төсөлд таныг эсрэг санал өгсөн учраас намаас хөөх асуудал яригдаж байсан. Гэтэл энэ хууль сая буцаагдчихлаа. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл дээр УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд энэ хуулийг батлахгүй гэсэн шийдвэр гаргалаа. Би үүнд харамсаж байна. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний үйл ажиллагааг давхар хашиж байгаа нь УИХ-ын хэвийн үйл ажиллагаа, УИХ нь Засгийн газартаа хяналт тавих явдалд сөргөөр нөлөөлж байгаа. Тийм учраас энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Үүнийг шийдэх боломж байсан. Зарим чиг үүргийн сайд нар нь давхар албаа хашаад үлдсэн сайд нарыг хоёр үе шаттайгаар сольж болох байсан. Тухайлбал эхний ээлжинд гишүүн биш гурван сайдыг оруулаад үүнийхээ дараа дахиад дөрвөн сайдыг солиход Засгийн газрын тавин хувь нь өөрчлөлт ороогүй учраас Засгийн газар огцрох тухай асуудал үүсэхгүй. Ингэж УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явах боломжийг саяны санал хураалтаар хаалаа.
 
Сая харсан байх, Засгийн газрын өөрсдөд нь хамааралтай сайдын асуудалд чуулганы ирц яаж бүрдэж байгааг. Гэтэл УИХ-д үүнээс чухал олон асуудлуудыг хэлэлцэж байхад сайд нар ингэж ирдэггүй. Чухал асуудлуудад санал хурааж байхад өглөө ирж ирцээ бүртгүүлсэн суудал нь онгорхой сайд нараас болоод татгалзсан гэдэг шийдвэр гардаг. Үүнээс болж олон асуудал унаж байсан. Сайд нарын ажилдаа ирдэггүйгээс болж УИХ-ын хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Ерөнхийлөгчийн ухаалаг төрийн санал санаачилгыг дэмжээгүйд би харамсаж байна.
 
-Энэ хуулийн төслөөс таныг намаасаа хөөнө гэсэн асуудал л үлдлээ шүү дээ?
- Намаас хөөх асуудал дүрэм, журмын дагуу явагддаг. Үүнийг Үндэсний зөвлөлдөх хороо, Намын их хуралдаж байж шийдэх байх. Намын цөөхөн хэдэн дарга нарын үгийг дагасангүй гээд УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах гэж байгаа бол тийм юм байхгүй. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөгч учраас өөрсдийнөө дур зоргоор халж сольдог зүйл байдаггүй юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Р.Бурмаа: Намын дарга нарын үгийг дагасангүй гээд намаас хөөхгүй  
Үзсэн: 1115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй