Шууд Chart

АН-ын “авралын од” нь Ерөнхийлөгч

2014-05-02 10:22:38

Сүүлийн хэдэн долоо хоногт Ардчилсан намын хувьд хэцүүхэн өдрүүд үргэлжиллээ.

Гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах хууль эцсийн цэгтээ хүрч засаг унагаах гэсэн оролдлого мэт болж хувирсан. Уг асуудалд намын нөхдүүд нэг саналтай байж чадаагүйн улмаас шийдвэр сөрөг хүчний талд гарах дөхсөн. Дээр нь суудал нь ганхаж ядаж байгаа сайд нар эхнээсээ асуудалд орооцолдож эхэлсэн нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин байлаа. Түүнийг ажлын хариуцлагагүй, хууль зүйн салбарыг удирдах чадваргүй зэрэг олон шалтгааны улмаас огцруулах саналыг гаргасан. Харин уг асуудлыг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж түүнийг огцруулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч сайдыг бухимдуулсан. Уг асуудал дээр ч мөн АН-ын гишүүд бүлгийнхээ сайдын эсрэг санал өгсөн юм.
 
Ингээд АН-ын дотоод зөрчил дээд цэгтээ хүрсэн гэдэг нь нэгэнт тодорхой болж бүх асуудлууд тэдний эсрэг чиглэж байхад намын хувьд “авралын од” гарч ирсэн нь Ерөнхийлөгч байлаа.
 
Эрхэм төрийн тэргүүн өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр нам дотроо эвтэй байхыг зарлигдсанаас гадна телевизээр Х.Тэмүүжин сайдыг авч үлдэх хэрэгтэй гэдгийг ч мөн хэлсэн.
 
Ерөнхийлөгчийн зарлигаас түргэн авсан АН тун ч шуурхай ажиллаж өнгөрсөн даваа гарагт бүлгийнхээ хурлыг өдөржин, шөнөжин хийсэн юм. Харин хурлаас гарсан шийдвэр нь тун энгийн байлаа. Намын гишүүд бүгдээрээ хамтарч Х.Тэмүүжин сайдыг өмгөөлөх, гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах асуудалд нэгдсэн байр суурьтай байх.
 
Товчхондоо бол, АН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн зарлигийг биелүүлж байна. Өчигдөр хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар хувь хувьсгалын олон гишүүдийг намдаа санал өгүүлж чадсанаар “давхар дээл”-ийн хуулийн төслийг унагалаа. Саналдаа үнэнч байсан намын эсэргүү дөрвийн тоог нөхөхөөр Ерөнхий сайд өөрөө бие даагчидтай уулзсан гэсэн цуу яриа ч Төрийн ордноор гарсан. Үүнийг нь батлах гэсэн мэт бие даагч зарим гишүүд кноп дарах мөчид өмнөх бодлоосоо буцаж АН-ын талд байлаа. Түүнчлэн эвслийн бүлэг ч эрх баригчдын талд байсан юм.
 
Харин Х.Тэмүүжин сайдын тухайд бүлгийн дарга нь асуудлыг нягтлах шаардлагатай гэсэн шалтгаанаар ажлын тав хоногийн завсарлага авсан. Түүнийг өмгөөлөхөд хангалттай хугацаа. Тэгээд ч Хууль зүйн сайд Ерөнхийлөгчийн зарлиг авсан даруйдаа ажилдаа идэвхийлэн орж энэ долоо хоногт хоёр ч хуулийн төсөл өргөн барьсан. Энэ нь түүнийг ажлаа цааш нь үргэлжлүүлэн хийнэ гэсэн санаа ч байж болох юм.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

АН-ын “авралын од” нь Ерөнхийлөгч  
Үзсэн: 1119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй