Шууд Chart

Эдийн засгийг эрчимжүүлэх төслийг дэмжлээ

2014-05-02 14:38:18

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх явцад УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс нэг өдрийн завсарлага авсан байсан. Бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг бүлгээс авсан завсарлага дууссаныг мэдэгдсэний дараа УИХ-ын чуулганы хуралдаан тогтоолын төслийн талаар Эдийн засгийн Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг үргэлжлүүлэв.
 
Энэ хүрээнд зарим хуулийн төслүүд, тухайлбал, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай зэрэг хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх саналууд дэмжигдэж үүний хамт уламжлалт бус газрын тос, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, эрчим хүч экспортлох төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг тогтоолын төслийн хавсралтад нэмж тусгахаар тогтов.
 
Үүнээс гадна холбогдох Байнгын хорооны дэмжлэг аваагүй саналын томьёоллоор санал хураалт явуулахад, “Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг” -ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт иж бүрэн дүн шинжилгээ хийж ирэх зургаадугаар сарын нэгний дотор УИХ-д танилцуулан цаашид уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэх” гэсэн арга хэмжээг нэмж тусгахаар боллоо.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Эдийн засгийг эрчимжүүлэх төслийг дэмжлээ  
Үзсэн: 1315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй