УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болсон талаараа мэдээлэл хийлээ.
Бие даагч гишүүд болох С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун болон Г.Уянга нар хамтарч Засгийн газар, УИХ-ын гишүүдийн "давхар дээл"-ийг тайлахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулжээ. Уг хуулийн төслийг өнөөдөр Засгийн газарт хүргүүлэх юм байна.
Гишүүдийн үзэж буйгаар Үндсэн хуульд 2000 онд оруулсан "дордохын долоон заалт" Үндсэн хуулийн чиг үүргийг алдагдуулсан хэмээн үзэж байгаа ажээ. Тухайлбал, Үндсэн хуулийн 29.1-д "Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй" хэмээн заасан байдаг бөгөөд уг заалтыг 2000 онд Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн хэмээн нотлосон ч өдийг хүртэл хэрэглэсээр ирсэн байна.
Уг хуулийн заалтын дагуу УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүний албыг хашсаар ирсэн. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн онд зөвхөн Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн болон сайдын албан тушаалыг хавсарч хийж болно гэсэн агуулгаар УИХ болон Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан ч өнгөрсөн долоо хоногт эцсийн хэлэлцүүлэг дээр буцаагдсан. Дээрх нэр бүхий гишүүд гишүүдийн "давхар дээл"-ийг тайлахыг дэмжиж байгаа бөгөөд Ерөнхийлөгчөөс өргөн барьсан уг хуулийн төсөл нь хэлэлцүүлгийн явцад Үндсэн хуульд нийцүүлэх нэрийдлээр Ерөнхий сайд болон үндсэн чиг үүргийн сайд нар давхар алба хашиж болохоор хувиргасан нь уг хуулийн төслийг унагахад хүргэсэн хэмээн үзэж байгаа аж.
Мөн нөгөө талаас гишүүдийн "давхар дээл"-ийг тайлж УИХ болон Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь хамгийн зөв арга хэмээн үзжээ. Бие даагчид болон УИХ-ын гишүүн Г.Уянга нар Үндсэн хуулийн дээрх заалтыг өөрчилж зөвхөн Ерөнхий сайд давхар алба хашиж болно гэсэн агуулгыг оруулж байгаа ажээ. Үндсэн хуулийн энэ заалтын өөрчлөлтийг дагаж Засгийн газар болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт орно. Бие даагч гишүүд харин дээрх хоёр хуулийн өөрчлөлтийн заалтыг Ерөнхийлөгчийн өргөн барьсан өөрчлөлттэй ижилхэн байхаар найруулсан байна.
Энэ талаарх гишүүдийн байр суурийг бид удахгүй хүргэх болно.
Бие даагчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа | ||
Үзсэн: 1186 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.