Шууд Chart

Г.Уянга: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж "давхар дээл"-ний асуудлыг төгс шийднэ

2014-05-05 12:50:23

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун болон Г.Уянга нар хамтарч Засгийн газар, УИХ-ын гишүүдийн "давхар дээл"-ийг тайлахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан талаар өнөөдөр мэдээлсэн.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянгаас тодруулга авлаа.
 
Г.Уянга: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж  "давхар дээл"-ний асуудлыг төгс шийднэ
 
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар товчхон танилцуулаач?
-Үндсэн хуулийн 29.1-д УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болно гэсэн заалт байгаа. Үүнийг нь УИХ-ын гишүүн Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт үл хамаарах ажил албан тушаалыг хавсарч болохгүй гэж өөрчилсөн хуулийн төсөл боловсруулсан. Бие даагчид болон миний бие Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж "давхар дээл"-ний асуудлыг төгс шийдэх хувилбарыг оруулж ирж байгаа юм.
 
-Хууль санаачлагчид хуулийн төслийн хэрэгжих хугацааг яаж тогтоосон бэ?
-Бид хуулийн хэрэгжих хугацааг тавиагүй. УИХ хэлэлцүүлгийнхээ явцад хугацааг тавьж болох байх гэж бодож байна.
 
-Хуулийн төслийг боловсруулахдаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу ажиллаж байгаа гэж ярьсан?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль 2012 онд батлагдсан. Бид дөрөв энэ хуулийг анх удаа хэрэглэж байгаа юм. Уг хуулийн дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа талаар иргэд олон нийтийн саналыг авах ёстой. Бид дөрөв энэ хуулийн төслийн талаарх иргэдийн санал бодлыг өөрсдийн албан ёсны вэб сайтаараа дамжуулж авна.
 
-Та Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх ёстой гэж үздэг гишүүдийн нэг. Таны энэ байр суурьтай бие даагч гишүүдийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай санал нэгдсэн гэж үзэж болох уу?
-Гишүүдийн "давхар дээл"-ийг тайлах талаар оруулж байгаа энэ нэмэлт өөрчлөлт бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1.3-д зааснаар Монгол Улсын Үндсэн хуулийг бүхэлд нь хянан үзэж шинээр батлахтай холбогдсон харилцааг зохицуулахгүй. Тэгэхээр Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх гэсэн миний үзэлтэй зөрчилдөхгүй байгаа учраас бие даагчидтай нэгдсэн. Хэрвээ бидний өргөн барьсан хуулийн төсөл батлагдвал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу найман жил энэ заалтад өөрчлөлт оруулахгүй.
 
   
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас тодрууллаа.
 
Х.Болорчулуун: Манай улсад 10 яам л байхад болно
 
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаараа танилцуулаач?
-Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болохгүй тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж сүүлдээ улс төржилт нь хэтрээд жүжиг болж хувирсан. Ер нь өнгөрсөн долоо хоногт хэлэлцүүлгийн явцад яригдаж байсан гишүүдийн 30 хувь нь "давхар дээл"-тэйгээ үлдсэн бол цаашдаа Засгийн газрын гишүүд 100 хувь давхар алба хашиж үлдэх байсан. Үүнийг зөвхөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар л хийж болно. Ийм учраас УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Г.Уянга бид дөрөв үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байгаа юм. Уг хуулийн төслийг өнөөдөр Засгийн газар болон Ерөнхийлөгчид санал авахаар хүргүүлнэ. 1992 оны Үндсэн хуульд ингэж давхар алба хашдаг заалт байгаагүй. 2000 онд оруулсан Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийн нэг нь энэ. Тэр үеэс сонгууль болгоноор яамдын тоо улам нэмэгдсэн. Бялуу хуваах зарчим үйлчилж сайд нарын тоо ихсэж, ажил үүргийн хуваарь нь давхцаж эхэлсэн. Олон яамдууд салж хоёр болсон. Энэ бүхэн төрийн тогтолцооны гажуудлыг бий болгож байгаа юм. Манай улсад гаднаасаа сайд нар нь томилогддог 10 яам л байхад болно. Тэгэхээр тогтолцооны энэ гажуудлыг халахын тулд бидний өргөн барьж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт хамгийн чухал арга гэдгийг хэлмээр байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Г.Уянга: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж "давхар дээл"-ний асуудлыг төгс шийднэ  
Үзсэн: 1965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
91.141.0.xxx [91.141.0.xxx] 2014-05-05 13:37
teneg banzal avgai

Бидэнтэй нэгдээрэй