![](/uploads/201405/news/thumb/c53dbac88880e8883ade0ca74976e2c6_x3.jpg)
Өнөөдөр хуралдсан УИХ дахь МАН-ын бүлэг үндсэн хоёр асуудал хэлэлцжээ.
Бүлгийн хуралдаанаар эхлээд өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар ярилцсан байна.
Бүлгийн гишүүдийн үзэж буйгаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарал татсан чухал хууль аж. Тиймээс МАН-ын бүлэг энэ хуулийг орон нутгийн иргэдийн оролцоотой болгох, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчны нөхөн сэргээлтэд анхаарсан, шийдэл гаргасан хуулийн төсөл гэж бодон судалж үзсэн боловч тийм биш байсан хэмээн бүлгийн дарга мэдэгдлээ.
Бүлгийн дарга С.Бямбацогт "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан "Төсвийн мөнгөөр нөөцийг нь тогтоосон хайгуул хийсэн бол 51, 34 хувиас дээшхийг төр эзэмших ёстой гэсэн заалт байсан ч 51 хүртэл, 34 хүртэл гэж өөрчилсөн байна. Ингэж тодорхойгүй байгаа нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тодорхой бус, ойлгомжгүй байдлыг үүсгэнэ. Тиймээс зарим заалтыг тодорхой болгох, тогтвортой байхаар УИХ нухацтай хэлэлцэх ёстой" гэж хэлсэн юм.
МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн бусад асуудал дээр ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон байна.
Бүлгийн хуралдаанаар үүний дараа Эдийн засгийг эрчимжүүлэх төслийн талаар ярилцжээ. МАН-ын бүлгийн гишүүдийн үзэж буйгаар өмнө нь эрх баригчдын зүгээс манай улсын эдийн засаг тогтвортой байгаа хэмээн мэдэгдэж байсан ч одоо эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний талаар ярьж байгаа нь тэд бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдож байгаа аж. Манай улсад эдийн засаг хямралд орсон нь нэгэнт тодорхой болсон. Тийм учраас МАН-ын зүгээс эдийн засгийг хүндрүүлсэн зарим сайд нартайгаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайд Н.Алтанхуягаас шаардаж байгаа ажээ. Хэрэв шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцно гэж бүлгийн дарга онцлон хэллээ.
МАН-ын бүлгээс Х.Баттулга сайдын асуудлаар мөн байр сууриа илэрхийллээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт "Х.Баттулга сайд өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн. Нэгэнт ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлсэн байхад Р.Амаржаргал гишүүн шиг хүчээр авч үлдэхгүй байх. Ийм шийдвэрийг УИХ хүчээр гаргахгүй байх" гэсэн юм.
МАН Ерөнхий сайдад хариуцлага тооцно | ||
Үзсэн: 1287 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.