Шууд Chart

"Шударга ёс" эвслийн бүлэг сайд нараас мэдээлэл сонсчээ

2014-05-05 14:17:49

УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлогыг баримт бичгийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбогдуулан Зам тээврийн сайд А.Гансүхийн мэдээллийг сонссон байна. Энэ үеэр төмөр замд хэрэгжиж байгаа бодлоготой холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулжээ.

Мөн энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар  Уул уурхайн сайд Д.Ганхуягаас мэдээлэл сонссон байна.
 
Бүлгийн хуралдааны талаар мэдээлэл өгөх үеэр бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Тодруулбал, Төмөр замын ажлын санхжүүжилт зогссон гэх мэдээлэл байна гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр "Эдийн засгийн хөгжлийн сайд төмөр замын бүтээн байгуулалтад бондын санхүүжилтээс шаардлагатай байгаа хөрөнгийн эх үүсвэрийг хуваарилсан гэж хэлж байгаа. Харин Гансүх сайдын мэдээллээр хорин хэдэн сая долларыг авч хэрэглэсэн байгаа, бусад мөнгөө Хөгжлийн банкнаас авч чадаагүй байна гэсэн тайлбарыг өгч байна. Гаргасан санхүүжилтийн хэмжээг харах юм бол төлөвлөсөн ажил төдийлөн сайн яваагүй байна гэж харж байна" гэж хариулсан юм.
 
Харин Х.Баттулга сайдын асуудалд "Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга УИХ-ын чуулганд хандаж гарах хүсэлтээ тавьсан. Байнгын хороогоор хэлэлцэх асуудалд орж ирээгүй байна. Ер нь бол сайд ажил хийж байснаа гэнэтхэн чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд, гараад явчихаж болохгүй. Ажил хариуцсан хугацаандаа юу хийсэн бэ. Юу хийхээр төлөвлөж байсан зэрэг асуултууд хариултаа хүлээж байна. Сайдаас өөрөөс нь  дэлгэрэнгүй мэдээлэл аваагүй байж байр суурь илэрхийлэх нь зохимжгүй. Байнгын хороод дээр сайдын мэдээллийг сонсож байж шаардлагатай гэвэл хуралдана"  гэв.
Нийтэлсэн: О.Энхмаа

"Шударга ёс" эвслийн бүлэг сайд нараас мэдээлэл сонсчээ  
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй