![](/uploads/201405/news/thumb/70a12757a3fc10693c5d23502224a05f_x3.jpg)
Даваа гараг бүрт зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав оролцож, тус яамнаас хэрэгжүүлж буй найман хөтөлбөр, төслийн талаар мэдээлэл хийлээ.
Хөдөлмөрийн төв бирж вэб сайтаар дамжуулан онлайн зуучлалын үйлчилгээ нэвтрүүлсэн. Манай улсад идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг 56 мянган аж ахуйн нэгж, компанийн 39 мянга нь энэ сайтад бүртгүүлж, сул ажлын байрны талаарх мэдээллээ байршуулж байна. Өнгөрсөн сарын нэгнээс ажиллаж эхэлсэн энэ үйлчилгээнд 204 мянган иргэн хандсан бөгөөд өдөрт 1700 хүн нэвтэрч ажил хайж байна.
2014 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд шинээр 7591 ажлын байр бий болжээ. Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор тавдугаар сард энэ тоо нэмэгдэнэ гэлээ.
2012-2013 онд үйлдвэрлэлийн ослоор нас барсан иргэдийн тоо 40 орчим хувиар багассан ч уул уурхай, зам, барилгын салбарт үйлдвэрлэлийн осол, гэмтлийн тоо буурахгүй байна. Энэ нь аюулгүй ажиллагааг анхааралгүй орхигдуулдаг, ажилтнаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамруулж, аюулгүй ажиллах дадал заншилд сургадаггүй, үндэсний стандарт, хууль дүрмийн хэрэгжилт аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хангалтгүй байгаатай холбоотой гэж Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэллээ. Улсын хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг өрнүүлж байна. Уул уурхай, барилга, авто зам, мал аж ахуй, газар тариалан болон бусад салбарт их бүтээн байгуулалтыг хийж буй нийт ажилтан, ажил олгогчдод хандан “Нэн түрүүнд ажлын байранд аюулгүй ажиллагаа”-г ханган ажиллахыг уриалан “Ажил эхэллээ, аюулгүй ажиллацгаая” гэсэн ил захидал илгээснээ энэ үеэр танилцууллаа.
Мөн Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 1000 орчим ажил олгогчтой хамтран ажиллаж байна гэж Хөдөлмөрийн сайд хэллээ.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав бүтээн байгуулалтын ажлаа танилцууллаа | ||
Үзсэн: 1014 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.