Ливанд өнгөрсөн 2019 оны сүүлчээс эхэлсэн санхүү эдийн засгийн гүн хямралаас болж, тус улсын үндэсний мөнгөн тэмдэгт фунтийн ханш 85 хувиар суларчээ. Ливан улсын засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сард Бейрутын боомт дээрх дэлбэрэлтийн дараахан огцорсон ч шинэ засгийн газраа одоог хүртэл эмхлэн байгуулж чадахгүй байна.
Энэ хооронд Ливаны армийн Ерөнхий командлагч улс төрчдөд хандаж хямралаас болоод зэвсэгт хүчин тарж нурах аюул нүүрлээд байгааг өнгөрсөн даваа гарагт анхааруулжээ. Тэрбээр хэвлэлийн бага хурал хийлгэж ард түмний адилаар цэрэг армийнхан ч өлсгөлөнд нэрвэгдэж байгааг сануулсан юм.
Харин тус улсын Ерөнхийлөгч Мишель Аун үүний өмнө хийлгэсэн шуурхай зөвлөгөөнийхөө үеэр хүчний байгууллагуудаас эсэргүүцлийн жагсаалд оролцогчдоор зам талбай дээр хаалт хамгаалалт босгуулахгүй байхыг шаардсан. Гэвч ерөнхийлөгчийн энэхүү шаардлага цэргийн эрхтнүүд болон Ерөнхийлөгчийн хооронд санал зөрөлдөөн үүсгээд байна. Ливаны фунтийн ханш өнгөрсөн 7 хоногт эрс унаад байгаа. Цэрэг, цагдаагийнхны цалин америк долларт шилжүүлэхэд 800 байсан бол ханшны эрс уналтаас болоод 120 ам.доллартой тэнцэх хэмжээнд хүрчхээд байгаа юм аж.
Өнгөрсөн онд цэрэг армийнхны хоол хүнснээс махыг нь хасахад хүрч байсан. Энэ оны хоёрдугаар сард Францын элчин сайдын яамнаас Ливаны армид хүнсний бүтээгдэхүүний тусламж хандив хүртэл үзүүлсэн байдаг. Тиймээс эсэргүүцэгчид, жагсагчдын эсрэг цэрэг армийнхан зогсч чадахгүйд хүрч байгааг зэвсэгт хүчний Ерөнхий командлагч анхааруулсан. Үүний зэрэгцээ хямралаас болж тус улсад гэмт хэргийн гаралт эрс өсч байна.
Тодруулбал, Ливанд өнгөрсөн онд хүн амины хэргийн тоо 91 хувь, дээрэм 57 хувиар өссөн дүнтэй байгаа аж.
| Ливанд санхүү, эдийн засгийн гүн хямрал нүүрлээд байна | ||
| Үзсэн: 1261 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.