Шууд Chart

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

2021-03-14 07:27:26

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна!: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор,  Өвөрхангай, Говь-Сүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 24-28 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Завханы зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд хэсэг, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 03 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Салхи  нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 16-18 метр, зарим газраар секундэд 28 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өмнөх өдрөөсөө хүйтэрч 9-14 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм хүйтэн, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм дулаан, бусад нутгаар өмнөх өдрөөсөө хүйтэрч 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг.  Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-5 хэм дулаан, оройдоо хүйтэрнэ.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 5-7 хэм дулаан, оройдоо хүйтэрнэ.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч  ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-5 хэм дулаан, оройдоо хүйтэрнэ.

2021 оны 03 дугаар сарын 15-наас 03 дугаар сарын 19-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 18-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. 15-нд ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС


Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 1810 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй