Итали улсад коронавирусний мутацид орсон шинэ хувилбарын дэгдэлт эрчимтэй нэмэгдэж, цар тахлын шинэ давлагаа үүсчээ. Нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын засгийн газар даваа гарагаас эхлэн Улаан өндөгний баяр дуустал хөл хорио, хязгаарлалтаа чангатгахаар болжээ.
Тухайлбал засгийн газар нь даваа гарагаас эхлэн хамгийн олон хүн амтай Ром, Милан зэрэг том хот мужуудынхаа 50 хувьд нь хөл хорионы дэглэм тогтоохоор төлөвлөж байна. Одоогоор Италийн гурван мужид хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа. Хөл хорионы дэглэмийг өргөжүүлснээр тухайн бүсэд хамрагдах муж хотуудын сургууль, дэлгүүр, ресторан зэрэг байгуулагчуудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, иргэд оршин суугчдыг ажилдаа явах, эрүүл мэндийн болон бусад шаардлагатай үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гэртээ байхыг зөвлөх юм байна. Түүнчлэн 4 дүгээр сарын 3-5 ны хооронд үргэлжлэх Улаан өндөгний баярын амралтын гурван өдөр хатуу хөл хорио тогтооно гэж тус улсын ерөнхий сайд Марио Драги баасан гарагт Ром хотод вакцинжуулах төвд зочлох үедээ мэдэгджээ.
Жилийн өмнө улс орон даяар анх удаа хатуу хөл хорио тогтоож байсан Итали улс өнөөдөр дахин цар тахлын шинэ давлагаатай тулгарч байна. Өнгөрсөн хэдэн долоо хоногийн хугацаанд Итали даяар коронавирусний халдварт тохиолдлын тоо өдөрт 25 мянга давж бүртгэгдэж, энэ 7 хоногт халдварын тохиолдол 15 хувиар нэмэгджээ. Тус улсын дийлэнх мужид эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Европ тивд коронавирусний мутацид орсон шинэ хувилбараар халдварлах тохиолдол эрс нэмэгдсэнээс цар тахлын дэгдэлт эргээд нэмэгдлээ гэж тус улсын эмч мэргэжилтнүүд анхааруулжээ. Италид Ковид-19 цар тахлын халдвараар 100 гаруй мянган хүн нас барсан, энэ нь Европ тивд Британийн дараа орохоор хоёр дахь өндөр үзүүлэлт болсон.
Итали улс Европын холбооны гишүүн бусад орнуудын адил вакцинжуулах аян нь удаашралтай байгаа. Өнгөрсөн 7 хоногт Италийн засгийн газар вакцины хомсдол үүсэхээс сэргийлж Оксфорд, АстраЗенекагийн Австрали руу хийх байсан 250 мянган тун вакцины экспортыг хориглосон. Гэхдээ тус улс АстраЗенекагийн вакцины талаарх мэдээллээс үүдэж, уг вакцины хэрэглээг түр зогсоогоод байна.
| Итали улс хөл хорио, хязгаарлалтын бүсээ өргөжүүлэхээр болжээ | ||
| Үзсэн: 1354 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.