Шууд Chart

Хотыг дахин хөгжүүлэх хуулийн төслийг дэмжлээ

2014-05-06 16:31:08

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ гэр хороололд амьдарч байгаа иргэдийн асуудлыг хөндсөн юм. Тэрээр  нэг хашаанд гурван айл амьдарч байгаа тохиолдол олон бий. Иймээс нийтийн эрх ашгийг бус өөрийн эрх ашгийг хамгаалж газраа чөлөөлж өгөхгүй байгаа асуудлыг ярих ёстой. Газрыг нь шууд албадан аваад төрийн хязгаарлалтуудыг хийгээд явбал тэнд амьдарч байгаа иргэдийн эрх ашиг хөндөгдөнө гэж үзсэн юм.
 
Барилга хот байгуулалтын яамнаас өгсөн мэдээллээр Нийслэлээс 2013 онд гаргасан журмаар тухайн байршилд байгаа нийт хүн амын 75 хувь нь зөршөөрсөн тохиолдолд уг газрыг дахин төлөвлөлтөд оруулна гэж журамласан байдаг аж.  Өнөөдрийн байдлаар төсөл 21 байршил дээр амжилттай хэрэгжиж байгаа юм. Хуулийн төслийг боловсруулах явцад Олон улсын байгууллага “ЖАЙКА”-тай хамтарч таван удаа олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийтлэг эрх ашиг, эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөл байдлыг харгалзан үзэж иргэдийн 80 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд тухайн газрыг дахин төлөвлөлтөд оруулж болох юм гэсэн үндэслэлийг хуулийн төсөлд оруулсан ажээ.
 
Газрын үнэ хөлсний тухайд Улаанбаатар хотын газрыг байршлаас нь хамааруулан бүсчилж эрх бүхий байгууллагаас тодорхой тариф тогтоосон байдаг байна. Газрын үнийг харилцан тохиролцож шийднэ гэвэл үнэ хөөрөгдөлт маш их байгаа тул зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа талаар салбарын яамнаас мэдээлсэн юм.
 
Ингээд асуулт хариулт дууссаны дараа хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.
                                                                                                         
Нийтэлсэн: О.Энхмаа

Хотыг дахин хөгжүүлэх хуулийн төслийг дэмжлээ  
Үзсэн: 1093 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй