Шууд Chart

З.Энхболд: Намын гишүүн төрийн албан хаагч байж болохгүй

2014-05-06 16:43:06

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газраас дөрөвдүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн судалгааны дүнг хэлэлцлээ.

Тус судалгааг хийхдээ Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн тухай хуулийн үйлчлэлд хамаардаг этгээдийн хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим системийн мэдээлэлд үндэслэж, Төрийн өмчийн хорооноос холбогдох баримт материалуудыг гаргуулан авсны үндсэн дээр хийсэн байна.
 
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Судалгаанаас харахад дунджаар Төрийн нарийн бичгийн дарга нар, захиргааны удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүс ойролцоогоор хоёроос гурван компанид, хамгийн дээд талдаа таван компанийн ТУЗ-д гишүүнээр ажилладаг юм байна. Авлигатай тэмцэх, утаатай тэмцэх ажил бол ганц байгууллагын хийдэг ажил биш. Авлигатай тэмцэх чиг үүргийг ганцхан АТГ биш бүх төрийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн байгууллагууд, салбарын яамдууд хүлээж байгаа. АТГ-ын санал санаачилга, хүсэлтийг хангаж ажиллахгүй байгаа байгууллагууд байвал мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр Байнгын хорооноос Засгийн газарт болон холбогдох байгууллагуудад нь чиглэл өгч болно. Судалгаар шийдэх асуудлуудыг тодорхой оновчтой харсан байна. Иймд Засгийн газарт тодорхой чиглэл өгөх нь зүйтэй” гэсэн юм.
 
Мөн УИХ-ын гишүүн З.Энхболд “Энэхүү судалгаа, мэдээллийг ирүүлэх нь АТГ-ын хүлээсэн нэг гол үүрэг. Хараат бус гэдгээр төрийн албан хаагч биш хүмүүс аваад, тэр хүмүүс нь ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс ороод ирчихсэн байна. Түүнийг нь Төрийн өмчийн хороо томилж байгаа нь буруу. Иймд нэн даруй ашиг сонирхлын хуулийг зөрчөөгүй томилгоо хийх үүргийг Засгийн газарт өгөх хэрэгтэй. Тийм сонирхолтой хүмүүсийг төрийн өмчийн зүгээс ч хувийн зүгээс ч оруулж болохгүй. Мөн намын гишүүн төрийн албан хаагч байдаг бол тэр хүн нам, төр хоёрынхоо аль нэгийг сонгох хэрэгтэй. Энэ асуудлыг 2004 оны хуулиар хориглосон. ТУЗ-д төрийн төлөөлөл болж намын гишүүн байх боломжгүй. Төрийн төлөөлөлдөө тийм хориг тавьж байгаа бол хараат бусдаа мөн адилхан хоригоо тавих хэрэгтэй. Энэ асуудал дээр хууль өөрчлөх шаардлагатай бол Хууль зүйн байнгын хороо хууль санаачилъя. Хууль зөрчсөн зүйлээ нэн даруй өөрчлөх бичгийг явуулах нь зүйтэй” гэсэн санал хэлсэн юм.
 
Хуралдаанаар судалгааны дүнг хэлэлцээд Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт үүрэг, чиглэл өгөхөөр боллоо.
 
Түүнчлэн хуралдаанд Тээвэр хөгжлийн банкны болон Инфрастракчер ХХК-ний ирүүлсэн албан тоотыг танилцуулав. Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-д хандаж өргөдөл ирүүлсэн гэдэг үндэслэлээр Өргөдлийн байнгын хороонд уг асуудлыг шилжүүлэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзэв. Мөн хуралдаанаар Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхэд бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах саналыг дэмжлээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

З.Энхболд: Намын гишүүн төрийн албан хаагч байж болохгүй  
Үзсэн: 1313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй