Шууд Chart

Гадаад улс орнуудын цэргийн баярын талаар товчхон...

2021-03-18 10:58:31

Өнөөдөр "Монгол цэргийн өдөр" Орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн өдөр тохиож байна. Энэхүү өдрийн хүрээнд бид та бүхэнд бусад улс орнууд зэвсэгт хүчний баяраа хэрхэн тэмдэглэдэг талаар мэдээлэлбэлтгэн хүргэж байна.

Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сахин хамгаалж байдаг цэргүүддээ зориулсан баярыг дэлхийн дийлэнх улс орон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Гэхдээ улс бүр өөрсдийн түүхэн дэх ялалт, амжилтын он цагтайгаа холбогдуулан өөр өөр өдөр тэмдэглэдэгт энэ баярын онцлог оршиж байгаа юм. Тухайлбал, манай хойд хөрш ОХУ-д цэргийн баярыг “Эх орноо хамгаалагчдын өдөр” нэрээр жил бүрийн хоёрдугаар сарын 23-нд тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Зөвлөлтийн үеэс тэмдэглэж ирсэн энэ өдөр ОХУ-ын зэвсэгт хүчинд алба хааж байгаа болон урьд өмнө нь хүчин зүтгэж байсан хүн бүрийн баяр боловч сүүлийн жилүүдэд манай улстай адилаар эрэгтэйчүүдийн баяр гэх утгаар нь мөн өргөн тэмдэглэх болжээ. “Эх орноо хамгаалагчдын өдөр”-өөр оросууд “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөдөг байна. Мөн орой нь баярын концерт тоглож, Москва болон бусад хотод ёслолын салют буудуулдаг юм байна. “Эх орноо хамгаалагчдын өдөр”-ийг Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд мөн тэмдэглэн өнгөрүүлдэг. Гэхдээ Украины Ерөнхийлөгч Петро Порошенко 2014 онд өөр орны биш, өөрийн орны цэрэг армийн баярыг тэмдэглэх хэрэгтэй гэж үзэн, “Эх орноо хамгаалагчдын өдөр”-ийг тэмдэглэлт өдрүүдийн жагсаалтаас хасчээ.

Оронд нь тус улсад аравдугаар сарын 14-нд “Украиныг хамгаалагчдын өдөр”-ийг тэмдэглэх болсон байна. Харин БНХАУ цэрэг армийн баяраа 1927 онд Ардын чөлөөлөх арми байгуулагдсан өдрийг тохиолдуулан наймдугаар сарын 1-нд тэмдэглэдэг байна. АНУ-ын хувьд, зэвсэгт хүчний өдрийг тавдугаар сарын 3 дахь 7 хоногийг бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ баярыг тохиолдуулан зэвсэгт хүчний баярын жагсаалыг Вашингтонд зохион байгуулдаг уламжлал тогтжээ.

Өмнөд Солонгост зэвсэгт хүчний баяраа 1950 оны Солонгосын дайны үеэр өмнөдийн цэргүүд 38 дугаар өргөрөгөөс цааш давшиж эхэлсэн аравдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг байна. Энэ өдөр тус улсад мөн л цэргийн сүрт жагсаал зохион байгуулдгийн зэрэгцээ жагсаалынхаа үеэр үндэсний бахархал болсон таеквондогийн үзүүлбэрийг олон нийтэд сонирхуулдаг юм байна.


Гадаад улс орнуудын цэргийн баярын талаар товчхон...  
Үзсэн: 1868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй