Шууд Chart

Н.Алтанхуяг: Би хаалтын гэрээ байгуулж үзээгүй

2014-05-07 11:26:03

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн есдүгээрт Ц.Оюунбаатар нарын гишүүд “Төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн сурталчилгаа хийх, хаалтын гэрээ хийхийг хориглох” гэсэн заалтыг оруулжээ. Уг саналыг УИХ-ын гишүүд хэлэлцэж саналаа хэллээ. Тодруулбал, Д.Дэмбэрэл гишүүн уг асуудлыг дэмжиж байна гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл уг заалтын эсрэг байр суурьтай байлаа. Тэрээр “Энэ заалтаас харахад нэг бол төрийн байгууллагууд иргэдийн төлөө хийж байгаа ажлаа хэнд ч танилцуулахгүй эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үнэгүй сурталчлуулах ёстой гэсэн логик гарч ирж байна. Тиймээс уг заалтыг дэмжихгүй байна” гэсэн юм. Харин хаалтын гэрээний хувьд би өөрөө таарч байгаагүй болохоор мэдэхгүй байна. Хэрвээ үнэхээр тийм зүйл байдаг бол хэвлэл мэдээллийнхэн үүн дээрээ анхаарах хэрэгтэй гэсэн юм.
 
Харин Л.Цог гишүүний хувьд өөрийн биеэр хаалтын гэрээ байгуулах санал авсан гэдгээ хэллээ. Тодруулбал, түүнийг Орхон аймагт ажиллах үеэр арван сая төгрөгөөр хаалтын гэрээ байгуулах санал ирсэн ажээ. Тэрээр мөн “Надтай гэрээ байгуулахыг хүссэн хүн хэлэхдээ Ерөнхий сайд Орхон аймагт ажиллах үеэр Гок-ынхон сэтгүүлчдийг бүгдийг нь хоёр хоног амралтад авч яваад бүх хүмүүстэй нь гэрээ байгуулсан гэсэн” гэж хэллээ. Л.Цог гишүүн манай улсад ийм зүйл газар авч байгаа нь чөлөөт хэвлэл байхгүй, бүгд аль нэг намын, нөлөө бүхий хүний эрх мэдэлд байдагтай холбоотой гэсэн юм.
 
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг Л.Цог гишүүний мэдээллийг эрс үгүйсгэсэн юм. Тэрээр “Манай Засгийн газарт ингэж хаалтын гэрээ байгуулж байсан тохиолдол огт байхгүй. Гэрээ байгуулах санал ирж байсан. Гэхдээ бид хаалтын гэрээ байгуулж байгаагүй цаашид ч тэгэхгүй” гэж хэллээ. Тэрээр мөн нэгэнт байгаа энэ хаалтын гэрээний асуудлыг хөндөж гаргасан нь сайн. Гэхдээ одоо энэ заалтаа татаж аваад УИХ үүнийг тусдаа хэлэлцэх хэрэгтэй гэсэн юм. Энэ гэрээний асуудлын зөвхөн хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө гаргаагүй, манай улстөрчид өөрсдөө ингээд сургачихсан гэж тайлбарлалаа.
 
Гишүүд хэлэлцэж дууссаны дараа санал хураасан бөгөөд энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд хаалтын гэрээ гэдэг зүйл сүүлийн хэдэн жил яригдаж байгаа. Энэ чухал сэдэв хэдий ч Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд бол шаардлагагүй заалт байна гээд Ц.Оюунбаатар гишүүнийг заалтаа татаж авах санал гаргасан юм. Гэсэн ч Ц.Оюунбаатар гишүүн нэгэнт олон хүний хүлээлт үүсгэж байгаа учраас татаж авах боломжгүй гээд санал хураалт явуулсан боловч заалт унасан. УИХ-ын дарга энэ асуудал ингээд дуусаагүй үүнийг хуулийн хэмжээнд боловсруулж дахин оруулж ирэх боломжтой гэлээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Алтанхуяг: Би хаалтын гэрээ байгуулж үзээгүй  
Үзсэн: 1165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй