БНАСАУ пүрэв гарагт хоёр пуужин туршсанаа нотолж, тэдгээр нь шинээр хөгжүүлсэн алсын удирдлагатай тактикийн шинэ төрлийн пуужин байсан гэдгийг төрийн хэвлэл нь мэдээлжээ. Умард Солонгос сүүлийн жил орчмын хугацаанд анх удаагаа пуужин туршсанаа албан ёсоор мэдээлж байгаа нь энэ юм байна.
Шинэчлэн сайжруулсан уг пуужин нь 2.5 тонн жинтэй цөмийн цэнэгт хошуу тээх зориулалттай, Солонгосын хойгоос зүүн зүгт 600 км-ийн зайд далай тэнгис дэх байг онох хүчин чадалтай гэдгийг мэдээнд онцолжээ. Мөн пуужин турших ажиллагаанд цэргийн өндөр албан тушаалтнууд оролцсоныг төв хэвлэл нь мэдээлсэн байна.
Умард Солонгос Зүүн тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан бололтой гэж Өмнөд Солонгосын талаас мэдээлсэн юм. Мөн Японы цэргийнхэн харвасан хоёр пуужин 450 км орчим зам туулсан гэж тооцоолжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден анхны албан ёсны хэвлэлийн бага хурлын үеэр Умард Солонгосын пүрэв гарагт хийсэн пуужингийн туршилт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчлөө гэж мэдэгджээ. Мөн тэрбээр хэрвээ Умард Солонгос нөхцөл байдлыг даамжруулах сонголт хийвэл зохих хариу арга хэмжээг авах талаар холбоотнууд болон түнш орнуудтайгаа зөвлөлдөж байгааг Жозеф Байден онцолсон байна.
АНУ-ын засаг захиргаа Дональд Трампын засаглалын үед өөрчлөгдсөн Умард Солонгосын талаарх бодлогыг судалж буй юм байна. Энэ удаагийн туршилт АНУ-ын шинэ засаг захиргаа БНАСАУ-ын талаар баримтлах шинэ бодлогоо танилцуулахаар төлөвлөж байгаа үед Пхеньянаас Вашингтонд өгч байгаа дохио гэж шинжээчид үзэж байна.
Мөн Японы Засгийн газар пуужингийн туршилттай холбогдуулан Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Умард Солонгост эсэргүүцлээ илэрхийлжээ.
| БНАСАУ шинэ загварын пуужин туршсанаа албан ёсоор мэдээллээ | ||
| Үзсэн: 1920 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.