Тайландын аялал жуулчлалаараа алдартай Пхукет арал коронавирусний эсрэг вакцинд хамрагдсан жуулчдыг хүлээн авахаа зарлалаа. Тайландын эрх баригчид энэ тухай мэдээлсэн бөгөөд тус арал ирэх долоодугаар сарын 1-нээс жуулчдыг хүлээн авахаар төлөвлөж байна.
Вакцинжуулалтад хамрагдсан жуулчдыг арал дээр ирсэн хойно нь ажиглан тусгаарлалтад оруулахгүй байх зохицуулалт хийж байгаа юм байна. Хэрэв цар тахлаас болж хохирсон эдийн засгаа сэргээхэд чиглэгдсэн энэ туршилт амжилттай болбол аялал жуулчлалын бусад бүс нутагтаа ч ийм аргыг ашиглахаар төлөвлөж буй юм байна.
Тайландын аялал жуулчлалын удирдах газрын тэргүүн Супасорний мэдэгдсэнээр энэ оны гуравдугаар улиралд Пхукет арал дээр ирсэн гадаадын жуулчдыг л хөл хорионд оруулахгүй юм байна. Харин дөрөвдүгээр улирлаас Самуй, Пхангнгу, Чиангмайд ийм зохицуулалт хийхээр төлөвлөжээ.
Тайланд жилдээ 40 сая гаруй жуулчин авдаг ч өнгөрсөн онд нийт 7 сая хүн л тус улсад жуулчилжээ. Коронавирусний цар тахлаас болж аялал жуулчлалын салбарт, цаашлаад тус улсын эдийн засагт ихээхэн хохирол учраад байгаа юм.
Тайландын Эрүүл мэндийн яамны мэдээгээр 70 сая гаруй хүн амтай тус улсад өнгөрсөн 24 цагт коронавирусний халдварын 77 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 28700-д хүрсэн бол нас барсан хүний тоо нэгээр нэмэгдэж, 94-т хүрээд байна.
| Тайландын Пхукет арал вакцинд хамрагдсан жуулчдыг хүлээн авна | ||
| Үзсэн: 1066 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.