Чингэлэг тээвэрлэгч Эвер Гивен хөлөг онгоц Суэцийн сувагт гацаа үүсгэсэн шалтгааныг тодруулах мөрдөн шалгалтыг эхлүүлж байгааг тус сувгийн удирдах газраас мэдээлсэн байна. Мөрдөн шалгалтаар осол гарахад хүргэсэн шалтгааныг тодруулж, хариуцлага хүлээх хувь хүн, аж ахуй нэгжээс нөхөн төлбөр төлүүлэх аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Египетийн тал уг хөлгийн ахмадыг буруутгаж, мөрдөн шалгах хүсэлт гаргасан байна.
Малайзаас Нидерланд чиглэлд далайн тээвэр хийж явсан Эвер Гивен хөлөг энэ сарын 23-нд Суэцийн сувагт элсэн шуурганы улмаас хайрагдсан. Аврах багийнхан зургаа хоног ажилласны үр дүнд өчигдөр үдээс хойш гацаанаас гаргаснаар Суэцийн сувгаар дамжин өнгөрөх далайн тээвэр сэргэсэн. Гэхдээ Суэцийн сувгийн удирдах газар тээврийн урсгал хэвийн горимдоо шилжихэд хэд хоног шаардагдана гэж мэдээлжээ.
Эвер Гивен хөлөгт эвдрэл гэмтэл гарсан эсэхийг шалгахаар ойролцоох далайд түр шилжүүлсэн байна. Дэлхийн хамгийн их ачаалалтай худалдааны замуудын нэг Суэцийн сувагт зургаа хоног гацаа үүссэнээр олон улсын далайн тээвэрт сөргөөр нөлөөлж, сувгийн дамжин өнгөрөх тээврээс ихээхэн орлого олдог Египетийн засгийн газарт багагүй хохирол учруулсан байна. Японы баруун бүсэд төвтэй, Эвер Гивен хөлгийн эзэмшигч Шоэй Кисен Кайша компани болон хөлгийг түрээслэгч Эвергрийн Марине компанийн зүгээс хөлгийн эвдрэл гэмтлийг шалгаж, аль болох богино хугацаанд далайд гаргахаар ажиллаж байгаагаа мэдэгджээ.
| Эвер Гивен хөлгийн Суэцийн сувагт гацаа үүсгэсэн шалтгааныг мөрдөн шалгана | ||
| Үзсэн: 1573 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.