Мьянмарт энэ оны хоёрдугаар сарын 1-нд төрийн эргэлт гарснаас хойш 500 гаруй энгийн иргэн амь насаа алдаж, тус улсын арми үндэсний цөөнхийн зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг агаарын цохилт өгсөн байдалтай байгаа юм. Энэ хооронд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Мьянмар улсад болж байгаа энэ нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй байна. Аюулгүйн Зөвлөл өчигдөр Британийн хүсэлтээр хаалттай шуурхай хуралдаан хийсэн ч Өрнөдийн орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ авч, зэвсгийн худалдааг нь хориглох тогтоол батлах санал гаргасан ч Хятад болон бусад гишүүн орнууд эсэргүүцжээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Мьянмарт хоёрдугаар сарын 1-нд төрийн эргэлт болсноос хойш гурав дахь удаагаа тус улсын асуудлыг авч хэлэлцлээ. Гэхдээ Мьянмарт эдийн засаг улс төрийн шахалт үзүүлэх хэмжээний шийдэлд хүрч чадахгүй байна. Мьянмарын асуудал эрхэлсэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч хаалттай хуралдааны эхэнд “Мьянмарт цус урсах аюул ойрхон байгааг анхааруулаад хамгийн муу байгаа үр дагаварт хүрэхээс урьтаж санал зөрөлдөөнөө арилгахыг” Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудад хандан уриалжээ.
Гэвч АНУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч хаалттай уулзалтын дараа хэвлэлд ярилцлага өгөхдөө Мьянмарын тухай нэг ч үг дурдаагүй байна. Харин Британийн байнгын төлөөлөгч Аюулгүйн Зөвлөл Мьянмарт хүчирхийллийг зогсоох боломжит хувилбаруудыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж мэдэгджээ. Мөн Хятадын элчин сайд “нэг талын шахалт, хориг тавих шаардлага тавих нь зөвхөн нөхцөл байдлыг улам хурцатгаж, байдлыг улам хүндрүүлнэ” гэж хаалттай уулзалтад байр сууриа илэрхийлсэн гэж тус улсын НҮБ дахь төлөөлөгчийн газар цахим хуудсандаа мэдээлсэн байна.
Хэрвээ Аюулгүйн зөвлөл хориг арга хэмжээ авах тогтоол батлавал Өрнөдийн орнуудын эрх ашигт нийцэх талтай байж болох, нөгөө талд Мьянмартай цэрэг зэвсгийн ойр харилцаатай Орос, Хятадын хувьд улс төр, эдийн засгийн талаас сөрөг үр дагавартай байж болох учраас тогтоол батлах тал дээр Аюулгүйн зөвлөл зөрчилдөөд байна гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Гэвч нөгөө талд Цэргийнхний гарт олон зуун энгийн иргэн амь үрэгдчихээд байхад НҮБ-ын хамгийн гол шийдвэр гаргагч Аюулгүйн зөвлөл дорвитой шийдэлд хүрэхгүй байгаад олон улсын хүний эрхийн байгууллагууд болон зарим орнууд шүүмжлэлтэй хандаж байна.
| НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Мьянмарын асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй байна | ||
| Үзсэн: 626 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.