Шууд Chart

АНУ, Япон, БНСУ БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох чиглэлд хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

2021-04-04 09:10:31

АНУ, Япон, БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох чиглэлд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээ нотолсон байна. Жо Байдены засаг захиргаа Умард Солонгосын талаарх бодлогоо эргэн харах төлөвлөгөөний хүрээнд Азийн холбоотон орнуудтайгаа Солонгосын хойгийн аюулгүй байдлын орчныг үнэлэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн түвшинд уулзалт зохион байгуулжээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Китамура Шигэрү, Өмнөд Солонгосын Су Хун нар АНУ-ын Мэрилэнд мужийн тэнгисийн цэргийн академид уулзалт хийжээ. Энэ нь Жо Байдены засаг захиргаа тангаргаа өргөснөөс хойш Америк түүний Азийн холбоотон хоёр орны Үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн нүүр тулсан анхны уулзалт юм.

Уулзалтын дараах "Цагаан ордон"-ы мэдэгдэлд Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ Умардын өдөөн хатгалгыг тогтоон барихын төлөө хамтын ажиллагаа чухал гэдэг дээр санал нэгдсэн.

Гурван талт хамтын ажиллагаагаар тус бүс нутгийг цөмийн зэвсэггүй болгох амлалтаа дахин нотолсон гэдгийг онцолжээ. Вашингтон дипломат ажиллагааны зарим хэлбэрийг ашиглах замаар Пхеньянтай харилцахаар бэлтгэж байгаагаа мэдэгджээ.

Дональд Трампын засаглалын үед Умард Солонгостой олон удаагийн дээд уулзалт, яриа хэлэлцээ явуулсан ч зарчмын гол асуудлууд дээр талууд зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас хэлэлцээ мухардсан. Саяхан Умард Солонгос хоёр ч пуужин туршсан нь Жо Байдены засаг захиргаанд өгч байгаа дохио гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Япон, БНСУ БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох чиглэлд хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ   
Үзсэн: 921 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй