Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах хүсэлтийг УИХ-д өргөн бариад багагүй хугацаа өнгөрч байна.
Уг асуудлыг өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан ч намын бүлгийн гишүүний асуудлыг нягтлаж судлах шаардлагатай гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ажлын тав хоногийн завсарлага авсан юм.
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Х.Тэмүүжин сайдын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хаалттай хуралдахаар боллоо.
УИХ-ын дэгийн тухай хуульд хэлэлцэх асуудал нь хуульд хаалттай хэлэлцэнэ гэж заасан, эсвэл төрийн нууцтай холбоотой асуудал байвал шууд хаалттай хуралдана гэж заасан байдаг. Мөн хэлэлцэх асуудлын шинж байдал болон гишүүдийн саналыг харгалзах шаардлагатай гэвэл УИХ-ын гишүүдээс санал хурааж хаалттай хуралдах эсэхийг шийднэ гэж заасан байдаг аж.
Сайдын асуудлыг Хууль зүйн байнгын хороо хаалттай хэлэлцсэн юм. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж “Х.Тэмүүжин сайдыг нууцаар тагнасан, чагнасан асуудал байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу прокурорын байгууллагаас бичиг ирсэн. Үүнтэй холбогдуулж байнгын хорооны хуралдааны үеэр холбогдох цагдаагийн ажилтнууд ирж мэдээлэл хийсэн тул хаалттай хуралдсан” гэж тайлбарлалаа.
Тиймээс УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг төрийн нууцад хамаарна гэж үзэж хаалттай хэлэлцсэн учир УИХ-ын дарга уг асуудлыг Төрийн нууцад хамаарах асуудал хэмээн үзэж хаалттай хэлэлцэхээр болсон юм.
Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудлыг яг одоо нэгдсэн чуулганаар хаалттай хэлэлцэж байна.
Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэхийг хаалттай хэлэлцэж байна | ||
Үзсэн: 2110 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.