Европын эмийн агентлаг Оксфорд, Астразенекагийн хамтран гаргасан вакцин маш ховор тохиолдолд цусны бүлэгнэл үүсгэх магадлалтай гэсэн дүгнэлт гаргасан. Гэхдээ улс орнууд энэ вакциныг ямар хүрээнд хэрэглэхээ өөр өөрийн нөхцөл байдалд тулгуурлан шийдэх нь зөв гэж зөвлөсөн юм.
Энэ дагуу Европын зарим улс "Астразенека"-гийн вакцины хэрэглээг янз бүрээр хязгаарлаж байна. Харин Европын комисс хэдийгээр зарим улс эргэлзэж байгаа ч "Астразенека" компани вакцин нийлүүлэлтийн гэрээгээ биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Улс орнууд уг вакциныг бүрмөсөн хориглоогүй, зарим нь насны хязгаараар хийхийг зөвлөж байхад зарим нь цусны бүлэгнэлийн тохиолдлуудад хийсэн судалгааг нарийвчлан гаргахыг хүлээзнэж, хоёр дахь тунг нь өөр вакцин хийлгэхийг хүртэл зөвлөж байна.
Их Британид "Астразенека"-гийн вакциныг 30-аас доош насныханд хийхийг зөвлөж байгаа бол Италид 60-аас дээш насныханд, харин 60-аас доош настай хүн эхний тунг хийлгэсэн бол хоёр дахь тунг хийлгэж болно гэж зөвлөж байна. Испанид зөвхөн 60-65 насныханд энэ вакциныг хийхийг зөвлөж байна.
Европын комиссын Хэвлэлийн төлөөлөгч Стефан Де Керсмаекер "Европын эмийн агентлаг вакцин хөгжүүлэх үйл явц, үр нөлөө, аюулгүй байдлыг эхнээс нь хянаж, судалж ирсний хувьд тэдний дүгнэлт олон нийтэд итгэл төрүүлж байгаа. Европын холбооны гишүүн орнууд вакцин хийлгэх насны бүлэгт хийх судалгаа, шинээр гарах удирдамжид тулгуурлан холбооны хэмжээнд уялдаа холбоотой хандлага бий болгоход энэ бие даасан агентлагтай хамтарч ажиллах нь зүйтэй юм. Хэдийгээр бид болгоомжилж байгаа ч гэсэн "Астразенека"-тай байгуулсан гэрээ үйлчилж байгаа” гэсэн байна.
| Европын комисс "Астразенека"-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгааг мэдэгдэв | ||
| Үзсэн: 1669 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.