Шууд Chart

О.Баасанхүү: Х.Тэмүүжин сайд надаас хүлцэл өчсөн бичиг явуулсан

2014-05-08 13:33:52

УИХ-ын нэгдсэн чуулган хаалттай хуралдаж Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хаалттай горимоор явагдаж буй чуулганы хуралдаан сая завсарлалаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс дараах асуултад хариулm авсан юм.

 
-Хуралдааны үеэр гишүүд ер нь ямар саналтай байна вэ?
-Хүн болгон өөрсдийнхөө итгэл үнэмшлээр шийдвэр гаргаж байгаа учраас бусдын өмнөөс хэлэх боломжгүй байна.
 
-Чуулганы явц хэр байна вэ?
-Гишүүд асуултаа асууж дуусаагүй байна.
 
-Х.Тэмүүжин сайд таниас уучлалт гуйсан гэсэн мэдээлэл байсан. Энэ үнэн үү?
-Би уучлалт гуйсан гэж хэлээгүй. Надаас хүлцэл өчсөн бичиг явуулсан.  
 
-Энэ таньг хүсэлтээ буцааж авах үндэслэл болох уу?
-Би үүнийг өргөдлөө буцааж авах үндэслэл гэж үзэхгүй байна. Эмнэлгийн имрай аппарат эвдэрсэн хэвээрээ л байна шүү дээ. Тэгээд ч би өмнө нь хэлж байсан би Х.Тэмүүжин гэдэг хүнийг огцруулахдаа биш тэр эмнэлгийн байрыг эмнэлэг чигээр нь авч үлдэхдээ, имрай аппарат эвдэрснийг нь хүлээн зөвшөөрүүлэхдээ, сайдын ёс зүйгүй байдлыг нь нотлоход миний гол зорилго оршиж байгаа юм.
 
-Таны тавьсан үндэслэлийг УИХ-ын гишүүд хэр бодитой гэж үзэж байна вэ?
-Би өөрийнхөө хэлсэн үндэслэлүүдийг бодитой гэдгийг хангалттай нотлож байгаа. Бичиг баримтуудаа одоо ч барьчихсан явж байна. Гишүүд өөр өөрийнхөө үзэмжээр хариулж шийдвэр гаргах нь нээлттэй байгаа.
 
-Х.Тэмүүжин сайдын асуудалд эвслийн бүлэг санал хуваагдсан гэсэн мэдээлэл байна?
-Нэгэнт Хууль зүйн байнгын хорооны мэдээлэл гарчихсан байгаа учир тэр шийдвэр дээр л ярина. Улс төрийн өнцгөөр бол хэн нэгэн ямар ч мэдээлэл хийсэн тэр нь Үндсэн хуулиар олгогдсон эрх учир УИХ-ын үндсэн үйл ажиллагаанд нөлөөлөх үндэслэл болохгүй.
 
-Таны ар талд УИХ-ын дарга З.Энхболд байна гэсэн мэдээлэл гараад байна?
-Миний ар талд Монголын ард түмэн л байгаа. Өнөөдөр эмнэлэг Монголын ард түмэнд хэрэгтэй. Харин оффисын барилга бол хэдэн албан тушаалтанд л хэрэгтэй шүү дээ. Имрай аппарат ч гэсэн Монголын ард түмэнд л хэрэгтэй. Харин эмнэлгийн аппаратыг эвдлэх нь тэр оффисын өрөөг хүлээж байгаа албан тушаалтнуудад л хэрэгтэй. Би асуудалд энэ өнцгөөр л хандаж байгаа.
 
-УИХ-ын нэгдсэн чуулганыг чуулганы хуралдаан биш шүүх хуралдаан болгож байна гэж ундууцаж байгаа гишүүд байна л даа?
-Хуралдаан явдаг дэгийнхээ хуулийн дагуу л явагдаж байна. Асуудалд яаж хандах нь тэр хүмүүсийн л хэрэг.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

О.Баасанхүү: Х.Тэмүүжин сайд надаас хүлцэл өчсөн бичиг явуулсан  
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй