УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр уг хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн барьсныг Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороод энэ сарын долооны өдрийн хамтарсан хуралдаанаараа хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Нийтдээ зургаан зүйлтэй уг хуулийн төсөлд улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийсэн стратегийн ач холбогдол бүхий ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг улсын төсөвт ачаалалгүйгээр эдийн засгийн үр өгөөж, ашгийн түвшинг харгалзан тооцоонд үндэслэн тогтоох, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг боломжит бүх хувилбараар дэмжих, тусгай зөвшөөрлийн төлбөр, нутгийн захиргааны байгууллагатай харилцах, мэдээ тайлан гаргах, төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, мэдээ, тайлан гаргах, хүлээлгэх хариуцлага зэрэг хуулийн хэсэг, заалтыг өөрчлөн найруулах, хуулийн зарим нэр томьёог өөрчлөхөөр тусгажээ. Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаандаа үүрэг, хариуцлагаа гүйцэтгэхэд эдгээр асуудлаар холбогдох төрийн захиргааны байгууллагад тогтмол мэдээлэл хүргэх ажилтантай байх, хуульд зааснаас бусад тодорхой бус шалтгаанаар уурхайн бүтээн байгуулалт, уулын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг холбогдох төрийн байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр зогсоож олон хүнийг ажилгүй, цалингүй болгох нийгмийн хариуцлагагүй үйлдэл гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг байх зэрэг зохицуулалт хийхээр тусгажээ.
Хууль батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, улмаар улс орны нийгэм, эдийн засагт эерэг үр дүн гарна гэж үзэж байгааг салбарын сайд онцлосон юм.
Энэ хуулийн төслийг дагалдаж Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 31 нь буюу 51.7 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар Байнгын хороонд шилжүүллээ | ||
Үзсэн: 1018 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.