Шууд Chart

Сансарт ниссэн хатагтай нар: Валентина Терешкова

2021-06-07 15:19:04

Хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансарт ниссэн эмэгтэй бол хуучнаар ЗХУ-ын иргэн Валентина Владимировна Терешкова юм. Тэрбээр 1937 оны гуравдугаар сарын 6-ны өдөр ОХУ-ын Ярославль мужийн Масленниково тосгонд төржээ.

Түүний эцэг 1939 онд улаан армид татагдан, улмаар дайнд үрэгдсэн байна. Тэрбээр эх, том эгч Людмила болон дүү Владимирын хамт өссөн бөгөөд гэр бүлдээ туслахын тулд 17 настайдаа Ярославль хотын оёдлын үйлдвэрт  ажилладаг байв.

Ажлынхаа хажуугаар тэрбээр ажилчин залуучуудын оройн сургуульд суралцахын зэрэгцээ агаарын спортын клубт элсэж, шүхрийн спортоор хичээллэдэг байв. Харин 24 настайдаа сансрын нисгэгч болох хүсэлт гаргаж, тэр жилдээ буюу 1961 онд ЗХУ-ын сансрын хөтөлбөрт эмэгтэйчүүдийг төлөөлөн хамрагдаж,  1963 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 26 насандаа сансарт ниссэн анхны эмэгтэй нь Валентина Терешкова болсон юм.

Түүний тухай Терешковатай хамт шалгаруулалтад орж байсан Валентина Пономарева, “Сансарт нисэх хүнээр яагаад  Терешкова сонгогдсон юм бэ хэмээн надаас маш их асуудаг байв. Би юу хэлэв ёстой байсан гэж? Сансрын нисгэгчдийг бэлтгэх төвийн анхны дарга Евгений Анатольевич Карпов энэ сэдвээр бидэнтэй ярилцлаа. Надтай хамт Ирина Соловьева байсан. Карпов сансарт нисэх анхны эмэгтэй хүн маш олон хүнтэй харилцаж чадах, харилцаа холбоо сайтай хүн байх шаардлагатай. Учир нь нислэгийн дараа тэрээр ЗХУ-аас гадна гадаад улсуудаар айлчилна хэмээн Иринад хандан хэлжээ. Харин Ирина зожиг, хаагдмал, дуу цөөтэй  хүн байсан юм.  Үүнээс гадна Карпов улс төрийн нөхцөл байдлын улмаас сансарт нисэх анхны эмэгтэй ард түмнээс төрсөн хүн хэрэгтэй хэмээн надад хандан хэлсэн билээ. Харамсалтай нь би сэхээтэн гэр бүлээс гаралтай байсан юм” хэмээн дурссан байдаг.

Сансарт байх эхний өдөр Валентина Терешкова төв удирдлагатай холбогдож,  хөгжилтэй, биеийн нөхцөл байдал маш сайн байсан ч хоёр дахь өдөр тэрбээр төвийн дуудлагад хариулахгүй, илтгэлээ тавихгүй байв. Түүний дуу хоолой ядрангуй сонсогдож байсан гэдэг. Хоёр дахь өдөр Терешковагийн баруун хөл өвдөж, нисгэгчийн малгайн өөрт нь саад болж, зүүн чихэнд нь чихэвч  дарагдаж, хоол боловсруулах үйл ажиллагаанд нь асуудал үүсч,  өөрийн эрхгүй тарчилж байв.  Гэхдээ Валентина тэсвэрлэж, төв удирдлагаас  ирсэн дуудлагыг гүйцэтгэх гэж хичээсэн боловч зарим нэг төхөөрөмждөө хүрч чадахгүй нөхцөл байдалд байжээ. Улмаар Валентина Терешковагийн ниссэн “Восток -6” сансрын хөлөг Алтайн хязгаар нутагт ослын хүндхэн буулт хийсэн аж.

Учир нь, тэрбээр чөлөөт нислэгийн орчинд асар их орон зайг туулсан бөгөөд түүний шүхэр газраас дөрвөн километрийн өндөрт дэлгэгджээ. Терешкова газардаж байхдаа, “Бурхан минь. Нэг эмэгтэйг сансар рүү илгээсэн. Харин одоо ус руу” хэмээн бодсон гэдэг. Гэсэн хэдий ч тэрбээр сандралгүй байж, шүхрээ хуурай газар руу чиглүүлж чадсан байна.

Ийнхүү хүн төрөлхтний түүхэн дэх анх удаа сансарт ниссэн эмэгтэй болж чадсан билээ. Харин түүний гэр бүлийнхэн Терешковаг сансарт ниссэн гэдгийг дараа нь  зурагтаар мэдээлэхэд нь олж харсан гэдэг.

Валентина Терешкова нь зөвхөн сансарт анх удаа ганцаар ниссэн эмэгтэй төдийгүй улс төр нийгмийн нэр хүндтэй зүтгэлтэн юм. Тэрбээр ЗХУ-ын баатар, ОХУ-ын төрийн шагнал хүртэж, орос болон бусад улс орнуудын 18 хотын хүндэт иргэнээр өргөмжлөгдсөн юм.

ОХУ-ын Төрийн ДУМ-ын төрийн байгуулалт, орон нутгийн удирдлагын асуудал эрхэлсэн хорооны дарга зэрэг нэр хүндтэй албан тушаалыг хашиж байсан байна.


Сансарт ниссэн хатагтай нар: Валентина Терешкова  
Үзсэн: 1341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй