УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслөө өнөө өглөө УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр эргүүлэн татсан. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа.
-Тогтоолын төслөө ямар шалтгаанаар татаж авах болов оо?
-Тав хоногийн өмнө хаалттай хуралдаан болсон. Энд нэлээд ноцтой асуудлууд яригдсан. Өөрөөр хэлбэл, миний өргөн барьснаас гадна маш олон асуудлуудыг гаргаж ирсэн учир үүнийг нэмж бичих шаардлага гарсан. Тиймээс түр хойшлуулах гормын санал тухайн үед гаргасан ч дэгийн тухай хуулиар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх эсвэл түр татах боломжтой байсан. Ерөнхий сайд “Бид өөрсдөө хүндээ хариуцлага тооцъё, манайх МАХН-тай санамж бичиг байгуулсан учраас бид сайддаа хариуцлага тооцно” гэсэн. Тиймээс би тогтоолын төслийг түр татаад байна. Хэрэв Засгийн газар Х.Тэмүүжин сайдад хариуцлага тооцохгүй бол дахин өргөн барина. Мөн тогтоолын төсөлдөө дахин хэд хэдэн асуудлыг нэмж оруулна. Тэгэхээр би огцруулах төслөө татаж авсан биш дахин үндэслэл нэмж оруулах шаардлага байгаа учир түр татсан юм.
-Засгийн газрын тэргүүн сайддаа хариуцлага тооцохгүй бол энэ асуудлыг дахин оруулж ирнэ гэсэн үг үү?
-Ерөнхий сайд гэрээнийхээ дагуу хариуцлага хүлээлгэх ёстой. Миний хувьд ТЕГ, УЕПГ, ЦЕГ-аас лавлагаа бичгээ аваад дахин өргөн барина. Энэ асуудал орхигдохгүй.
-Нэмэх асуудалд чинь сайдын холбогдоод буй хар тамхины хэрэг багтаж байгаа юу?
-Яригдаад байгаа асуудлуудыг хуулийн байгууллагуудаас нь авч өмнөх дөрвөн үндэслэл дээрээ зузаатгал хийнэ.
-Сар гаруйн хугацаанд үргэлжилсэн энэ асуудал ямар ч шийдэлд хүрсэнгүй гэх шүүмжлэл байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Монголын төрөөр 30 хоног тоглолоо гэж байх шиг байна. Үүнтэй би санал нийлэхгүй. Учир нь 10 хоногийг Ардчилсан нам болон МАН завсарлага авсан. Харин 21 хоногийг нь Хууль зүйн сайд өөрийг нь тагнаж чагнасан асуудлын үр дүнг үзэхийг хүссэн. Энэ талаар УИХ-ын даргад дэгийн тухай хуулийг зөрчиж байгааг хэлсээр байсан. Угтаа бол хуулиараа 14 хоногийн дотор шийдэх байсан.
-Ёс зүйн хувьд Хууль зүйн сайд ажлаа үргэлжлүүлэх ёстой юу?
-Х.Тэмүүжин өөрөө л сайдаасаа түтгэлзчих ёстой юм л даа. Учир нь өөртэй нь холбоотой олон асуудал яригдаж байна. Тиймээс түр түтгэлзэж байгаад хуулийн байгууллагаар шалгуулаад үнэн худлаа тогтоолгочих хэрэгтэй.
-Та өчигдөр Солонгосоос ирсэн. Тэнд намын даргатайгаа уулзаад ийм шийдвэр гаргав уу?
-Би эмчилгээнд яваад л ирсэн. Жил бүр үзүүлэх журмынхаа дагуу яваад ирлээ. Бичиг баримтаа үзүүлсэн ч болно.
О.Баасанхүү: Тогтоолын төслөө түр татсан | ||
Үзсэн: 1105 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.