Шууд Chart

Намуудын тохирооноос болж О.Баасанхүү өргөдлөө татжээ

2014-05-15 13:49:32

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслийг өргөн бариад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Түүний өргөн барьсан тогтоолын төсөлтэй холбоотойгоор байнгын хороо болон УИХ-ын чуулган хаалттай хуралдаж асуудал хэрхэх нь тодорхойгүй байсаар нэлээд хугацаа өнгөрсөн.

Харин өнөө өглөө чуулганы нэгдсэн хуралдаанаар О.Баасанхүү гишүүн Хууль зүйн сайдыг огцруулах тогтоолын төслөө асуудлыг нэмж тодруулах шаардлагатай гэсэн шалтгаанаар түр татаж авлаа.
 
Түүний энэхүү үйлдэлд дүгнэлт хийх гишүүд ч цөөнгүй байна. Тэрээр ийнхүү тогтоолын төслөө эргүүлэн татах болсон шалтгаанаа “Өнгөрсөн долоо хоногт хуралдсан чуулганы хаалттай хуралдааны үеэр Хууль зүйн сайдтай холбоотой баримтууд дахин гарч ирсэн учраас нэмж тодруулах шаардлагатай болсон. Харин УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу асуудал нэмж оруулах бол хуулийн төслөө эргүүлэн татдаг. Тиймээс хуулийн төслөө түр татаж авсан” гэж тайлбарласан. Түүний хэлж буй бас нэг тайлбар нь Засгийн газрын тэргүүн өөрөө сайддаа хариуцлага тооцно гэсэн амлалт. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан нам болон МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг хооронд байгуулсан гэрээний дагуу Ерөнхий сайд өөрөө Хууль зүйн сайдад хариуцлага тооцно гэж амласан аж. Түүнчлэн О.Баасанхүү гишүүн хэрвээ Ерөнхий сайд өөрөө сайддаа хариуцлага тооцохгүй бол сайдыг огцруулах тогтоолын төслөө дахин өргөн барина гэв.
 
Ямартаа ч хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж буй АН, Эвслийн бүлэг хоорондоо гэрээ байгуулсан гэдэг нь тодорхой болж байна. Энэ талаар Засгийн газрын тэргүүн ч өөрөө хэлсэн. Түүний хэлснээр бол Ардчилсан нам болон МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг хамтарч тавдугаар сарын хоёрны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж гарын үсэг зурсан байна. Ийнхүү байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг ёсоор дээрх бүлгүүд эрх барихаар үлдэж буй хоёр жилийн хугацаанд тогтвортой, нэг нэгэндээ үнэнч, товчхон хэлэхэд сөрөг хүчнийхэнд саналын зөрүү алдахгүйн тулд үнэнчээр хамтарч ажиллахаар болсон байна.
 
Нэгэнт намын дарга нар нь дээгүүрээ тохироо хийсэн учир О.Баасанхүү гишүүн болон Х.Тэмүүжин сайд нар хоорондоо хөлөө жийлцээд нэмэргүй, байгуулсан гэрээний дагуу л асуудал шийдэгдэнэ.
 
Түүнчлэн дуулиан дэгдээж амжсан О.Баасанхүү гишүүн эрх баригчдыг бүрдүүлж буй хамтарсан Засгийн газрын намын бүлгээсээ хөөгдөхгүйн тулд Ерөнхий сайдын Х.Тэмүүжинд оногдуулж буй хариуцлагыг л дагахаас өөр аргагүй. Харин Засгийн газрын тэргүүний сайддаа тооцох хариуцлага ямар байх нь сонирхолтой хэвээр үлдэж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Намуудын тохирооноос болж О.Баасанхүү өргөдлөө татжээ  
Үзсэн: 1557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-05-15 17:36
738CG3KT0O
202.21.120.xxx [202.21.120.xxx] 2014-05-15 14:06
Баасанхүү гишүүнд : Зорилгодоо хүрэхийн яг өмнө замаасаа ухрах нь хамгийн тэнэг үйлдэл учир үргэлж аливаа зүйлийн эцсийг хүртэл тэмцэж яваарай.

Бидэнтэй нэгдээрэй