![](/uploads/201405/news/thumb/6954f59c789368afa2562affea0df887_x3.jpg)
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн нэхэмжлэлтэй Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын ахлах байцаагч Д.Нямсүрэн, гаалийн улсын байцаагч Д.Дорж, Г.Энхжаргал нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцжээ.
Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч нарын 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 29/13 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Гаалийн ерөнхий газраас “Улаанбаатар төмөр зам”-ын 2009-2012 онд импортоор авсан барааны гаалийн болон санхүүгийн холбогдох баримтад тулгуурлан гаалийн бүрдүүлэлтийн шалгалтыг хийж, улмаар 2013 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр гаалийн улсын байцаагчийн 29/13 тоот актыг тавьсан байдаг аж. Тус актаар гаалийн байгууллагад мэдүүлээгүй хавсралтаар гаргасан бараа буюу гар тээшээр оруулсан бараанд 17 сая 908.444 төгрөг, таван нэр төрлийн сэлбэгт 30 сая 380.300 төгрөг, нийт 48 сая 288.744 төгрөгийг “Улаанбаатар төмөр зам”-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн тус нийгэмлэгт захиргааны арга хэмжээ авч, шийтгэврийн хуудсаар 150.000 төгрөгийн торгууль төлүүлэхээр болсон байна.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дээрх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 55 дугаар зүйлийн 55.1, 290 дүгээр зүйлийн 290.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх мөн хэргийг 2014 оны гуравдугаар сарын 12-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн аж.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс 48 гаруй сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэлээ | ||
Үзсэн: 1126 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.