
Тэрбээр 2018 онд UBS телевизийн “Perfect dance” уралдаанд дэд байр, 2019 онд "The 16th Seoul international dance competition" олон улсын мэргэжлийн бүжигчдийн уралдааны болон БНСУ-ын Соёл урлагийн холбооноос зохион байгуулдаг бүжгийн наадмын тэргүүн байрт шалгарч, ялагчийн цомыг авснаас гадна өнгөрсөн онд Гавьяат жүжигчин Д.Ламжавын нэрэмжит “Үүлэн бор” гоцлол бүжигчдийн цахим уралдаанд мөн түрүүлсэн билээ.
-Өнгөрсөн зургаадугаар сард та БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын нэрэмжит олон улсын бүжгийн тэмцээний этник төрөлд тэргүүн байр эзэлж, цомын эзэн болсон. Мөн "2021 BIDF The 3rd Korea dance grand prix" олон улсын бүжгийн тэмцээний этник төрөлд дэд байр, "BIDF видео бичлэгийн уралдааны тэргүүн байрт шалгарч гурван ч олон улсын тэмцээнээс шагнал хүртэн эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн. Тэгвэл саяхан дахин нэг олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнд дэд байр эзэлсэн гэж сонслоо. Халуун баяр хүргэе.
-Баярлалаа. БНСУ-ын Тэгү хотноо зургаа дахь удаагаа зохион байгуулагдсан олон улсын “В” зэрэглэлийн гоцлол бүжигчдийн уралдаан (Daegu international choreography festival)-д 110 гаруй бүжигчин бичлэгээ илгээж, оролцсоноос өнгөрсөн долоодугаар сарын 17-нд этник төрөлд дэд байрт шалгарлаа.
-Таны мэргэжлийн бүжигчин болсон замналаас ярилцлагаа эхэлье гэж бодлоо.
-Би Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн. 2001-2003 он нийслэлийн Баянзүрх дүүргийн 92, 2003-2008 онд 87 дугаар сургуульд сурсан. 2009-2014 онд Хөгжим бүжгийн коллеж одоогийн Монгол Улсын консерваторид ардын бүжигчин мэргэжлээр сурч төгссөн. 2014 оноос хойш Монгол Улсын Үндэсний урлагийн их театрт одоог хүртэл долоон жил бүжигчин, гоцлол бүжигчнээр ажиллаж байна.
Бага, дунд ангидаа бусад хүүхдийн л адил сургуулийнхаа урлагийн үзлэгт бүжгийн төрлөөр оролцдог хүүхэд байлаа. Тэгсэн аав Хөгжим бүжгийн коллеж элсэлт авч байна гэдгийг мэдээд “Миний хүү очоод шалгуулчих” гэж хэлсэн. Ээжтэйгээ хамт очоод соёлын тэргүүний ажилтан, балетын Н.Болор багшдаа шалгуулж, эхний шатандаа тэнцсэн. Бүжгийн ангийн шалгаруулалт үсрэлт, темп, сонсгол, сунгалт, эргэлт гээд олон зүйл шалгадаг. Тэнцсэн тохиолдолд дараагийн шатандаа орно. Нийт гурван шат дамжсаны дараа ерөнхий мэдлэгийн хичээлийн дүнгүүдийг харгалзан үзэж тэнцүүлдэг. Ингэж л наймдугаар ангиасаа тухайн үеийн Хөгжим бүжгийн коллежид элссэн. Хүмүүс “Хөгжим бүжгийн коллежид элсэж орохоор хичээлийн шинэ жилийн нээлтийн өдрөөсөө, есдүгээр сарын 1-нээс л эхлээд бүжиг заагаад эхэлдэг үү” гэж асуудаг л даа. Гэтэл яг эсрэгээрээ байдаг. Хөгжим бүжгийн коллежийг төгстлөө бараг бүжиглээгүй. 11, 12 дугаар ангидаа л бүжиг сурч, бүжиглэж эхэлсэн. Тэр хүртэл барилга барихад суурийг нь сайн бэлдэх ёстой гэдэг шиг алхаа гишгээнээс эхлүүлээд л бүжигчин хүн эзэмших ёстой бүх л чадварыг зааж сургасан. Сурч байх хугацаандаа мэргэжилдээ бага багаар дурлаж, ирээдүйд энэ л мэргэжлээрээ хоолоо олж идэх учраас өдөр өдрөөр илүү их хичээж мэрийдэг болсон.
ЗӨВХӨН БИ ГЭЛТГҮЙ МОНГОЛ БҮЖИГЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХДОО ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ДАСГАЛЖУУЛААД, ӨӨРТӨӨ МАССАЖ ХИЙЧИХЭЭД Л ТАЙЗ РУУ ГАРДАГ
-Таныг сургуулиасаа хамгийн хол гэртэй ч гэсэн ч бүх хүүхдээс түрүүлж сургуульдаа очиж, хамгийн сүүлд харьдаг байсан гэж сонссон юм байна?
-Манай гэр Улиастайд байдаг байсан. Харин аавын ажил “Таван шар”-д болохоор өглөөний таван цаг өнгөрөөгөөд л гэрээсээ гарч, замаараа машинаараа ажлынхаа хүмүүсийг авч явдаг байсан юм. Би аавтайгаа цуг гэрээсээ гардаг болохоор 07:00 цаг болохоос өмнө сургуульдаа оччихно. Түрүү хэлсэн дээ, ирээдүйд энэ л мэргэжлээрээ ажиллаж цалин мөнгө авах учир аль болох багш нараараа шахаж шаардуулахгүйгээр өөрөө байнга хичээл, дасгал сургуулилтаа хийж, мэргэжлийнхээ ур чадварыг эзэмшье гэж хичээдэг байсан. Үүнийхээ ч үр дүнд төгсөөд шууд Үндэсний урлагийн их театр хэмээх энэ том байгууллагын өндөр босгыг давж, орж чадсан болов уу гэж боддог.
-Монгол Улсын консерваторийн газар дээр барилга баригдахаар болж бүх багш ажилтан, сурагч, төгсөгч нар нь эсэргүүцсэн. Таны хувьд ч адилхан бодолтой байсан байх?
-Тийм ээ, Монгол Улсын консерваторийн газар дээр барилга барина гэхэд эсрэг байр суурьтай байсан. Одоо ашгүй энэ асуудал шийдэгдээд газар нь буцаад Монгол Улсын консерваторийн мэдэлд очсонд нь баяртай байгаа. Манай Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн 80-90 хувь нь Монгол Улсын консерваторийг төгссөн. Төгсөгчид бүгдээрээ очиж, эсэргүүцэж гарын үсэг зурсан.
-Манай улсын мэргэжлийн урлагийн салбарын ихэнх уран бүтээлч Монгол Улсын консерваторийг төгссөн байдаг. Монгол Улсын консерваторийг төгсөгчдийн авьяас чадварыг олон улсад хэрхэн үнэлдэг вэ?
-Монгол Улсын консерватори бол Азидаа ховорт тооцогдох чанартай урлагийн сургууль гэж боддог. Манай багш нар бүгд ОХУ-д суралцаж төгссөн. “Шавийн эрдэм багшаас” гэж үг байдаг даа би болон манай ангийнхан ардын бүжгийн анги төгссөн ч гэлээ дотоодын болон гадаадын арга хэмжээнд бүх л төрлийн бүжгийн үзүүлбэрт оролцоод л явдаг. Мундаг сайхан багш нар маань бид нарыг тийм хэмжээний чадварт сургаж, төгсгөсөн. Тиймээс миний хувьд олон улсын том тэмцээн, уралдаануудад оролцож сургуулийнхаа, Үндэсний урлагийн их театрынхаа, Монгол Улсынхаа нэрийг гаргаж ачийг нь хариулна гэж боддог.
-Олон улсын уралдаан тэмцээнд оролцохын тулд үндсэн ажлынхаа хажуугаар өөртөө нэмэлт цаг хугацаагаа зарж, ачаалал өгч бэлтгэл хийдэг байх. Хэдий хугацаанд бэлддэг вэ?
-Нэг бүжиг бэлдэхийн тулд мэргэжлийн бүжигчид дор хаяж хоёр сарын хугацаанд асар их ачаалалтай бэлтгэл сургуулилт хийдэг. Бүжгийн урлагаар хичээллэж эхэлж байгаа хүмүүс мэдээж илүү их хугацаа зарцуулах шаардлагатай. Миний үеийн бүжигчид 2014 оноос хойш бүжигчнээр ажиллаж байгаа. Тэгсэн хэдий ч суралцсаар л байдаг. Мэргэжлийн туршлагатай бүжигчид ч гэсэн бүр цоо шинэ бүжиг бэлдэхээр бол мөн л их хугацааны бэлтгэл, сургуулилт шаардагддаг. Би одоо шинэ бүжиг рүү орчихсон байгаа. Өглөөний 10:00 цагаас 20:00 цаг хүртэл бэлдэж байна. Аль болох олон удаа бэлтгэл хийж байж, бүжигтэйгээ нэг цул болдог.
Гоцлол бүжгээр уралдаанд оролцоход намайг Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын консерватори, гэр бүл, дотны хүмүүс маань дэмждэг. Хувиараа гоцлол бүжгээр гадны улсад зохион байгуулагдаж буй олон улсын уралдаанд оролцоход зардал мөнгөө өөрөө гаргадаг болохоор үнэндээ нэлээн хүнд тусдаг. Мөн дэлхий дахинд дэгдсэн “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор бүжгийн олон улсын тэмцээн уралдаануудад зайнаас буюу бичлэгээ илгээж оролцох боломж нээгдсэн. Гэхдээ оролцогч тухайн тэмцээнийг зорьж очиж оролцоод байр эзэлсэн тохиолдолд мөнгөн шагналыг нь олгодог бол зайнаас оролцоод байр эзэлсэн тохиолдолд мөнгөн шагналыг нь олгодоггүй. Харин бүх оролцогчийн дунд цахимаар зохион байгуулагдаж буй тэмцээнүүд бол мэдээж мөнгөн шагналыг нь олгодог.
-Гадаадын мэргэжлийн бүжигчид олон улсын уралдаанд оролцоход зардал мөнгийг нь төрөөс нь гаргадаг уу. Энэ талаар судалж байсан уу?
-Өндөр хөгжилтэй БНХАУ, ОХУ, Япон зэрэг орны төр засгаас тамирчдынхаа зөвхөн замын зардал гэлтгүй тухайн тэмцээн уралдаанд орох бүх зардлын дор хаяж 50 хувь, цаашлаад 80-100 хувийг нь гаргадаг гэж бодсон. Олон улсын бүжгийн уралдаанд оролцож буй өндөр хөгжилтэй орны бүжигчид багш, дасгалжуулагчтайгаа бүр хөл амраагч болон сэтгэл зүйчтэй ирдэг. Багш, дасгалжуулагч, хөл амраагч, сэтгэл зүйч нь оролцогчдын зааланд майхан, дэвсгэр засаад бүжигчнийхээ хөл гарт нь массаж хийж өгөөд, сэтгэл зүйч нь зөвлөгөө өгдөг юм билээ.
Зөвхөн би гэлтгүй Монголын маань бүжигчид цөм л олон улсын тэмцээнд оролцохдоо өөрөө өөрийгөө дасгалжуулаад л, өөртөө массаж хийж хөл гараа амраачихаад л тайз руу гардаг даа. Харин сүүлд өнгөрсөн зургаадугаар сард зохион байгуулагдсан хоёр тэмцээнд оролцоход найз охин минь хамт байсан нь маш их дэмтэй байсан. Хөл бадайрах үед барьж өгөөд л, “Одоо яахав. Ус уух уу” гээд л хажууд санаа тавих хүн байсан нь тэмцээндээ амжилттай оролцоход маш их тус дэм болсон.
ХОЁР ХӨЛИЙНХӨӨ ЭРХИЙГ ХУРУУГ МУЛТАЛЧИХСАН Ч ӨВЧИН НАМДААХ ЭМ УУГААД “ШҮД ЗУУГААД” Л БҮЖИГЛЭСЭН
-Таны найз охин мөн бүжигчин мэргэжилтэй юу. Гадны улсад болдог уралдаанд оролцохын тулд хэдий хэмжээний зардал гардаг вэ?
-Миний найз охин БНСУ-д улс төрийн дипломатч мэргэжлээр сурдаг.
Зургаадугаар сард БНСУ-руу явахдаа онгоцны тийз, байрлах газар болон хоол унд, тэмцээний хураамж нийлээд ойролцоогоор 10 орчим сая төгрөгийн зардал гарсан. Ойрхон зайтай олон улсын хоёр уралдаан байсан болохоор заавал очиж оролцъё, зардал мөнгө үрэгдэх нь яахав, дараа мөнгө олдох юм чинь гээд л БНСУ-г зорьсон. Амжилттай оролцож улсынхаа нэрийг гаргаж чадсандаа баяртай байгаа. Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрынхан миний гаргасан амжилтад маш их баярлаж, надад халуун дотноор баяр хүргэсэн нь гоё байсан.
-Өндөр хөгжилтэй орнууд олон улсын “А”, “В” зэрэглэлийн уралдаанд амжилттай оролцсон бүжигчиддээ ямар шагнал, урамшуулал олгодог вэ?
-Олон улсын тэмцээнүүд жил бүр зохион байгуулагддаггүй. Тухайн тэмцээний цар хүрээ, нэр хүндээс шалтгаалаад хоёр, бүр дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг. Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнүүдийг “Урлагийн олимп” гэж ойлгож болно. Гадаадын өндөр хөгжилтэй улсад бол олимп, дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаа хэрхэн хүлээж авдаг, ямар шагнал урамшуулал олгодог яг тэрэн шиг ээ урлагийнхнаа, бүжигчдээ угтан авдаг байх гэж бодож байна.
-Олон улсын бүжгийн тэмцээнд оролцоход төрсөн улс орноороо биш иргэншлээрээ “овоглодог” байх. Спортод дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олимпод өөр улсын иргэншил дээр оролцдог “лигонер” тамирчин гэж байдаг шиг тийм тохиолдол бүжгийн урлагт бий юу. Мөн ирээдүйд гадаадын улсаас танд өндөр хангамж, цалин хөлс амлаад манай улсын нэр дээр тэмцээн уралдаанд оролцооч гэсэн хүсэлт ирвэл зөвшөөрөх үү?
-Иргэншлээ солиод тэмцээнд оролцож буй бүжигчинтэй одоогоор таараагүй. Өөр улсаас таны хэлсэн шиг санал ирвэл яагаад би иргэншлээ солино гэж. Монголдоо төрсөн, монголоороо л дуусна. Би Монгол Улсын иргэн, Монгол Улсын консерваторийн “бүтээгдэхүүн”, Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын бүжигчин. Монгол Улсын консерватори, Монгол Улсын Үндэсний урлагийн их театр намайг өдий зэрэгтэй бүжигчин болгосон учир гадаадын улсаас ямар ч их хангамж амласан, яаж ч намайг өндрөөр үнэлсэн би “хугарахгүй”. Дахин хэлье би “хугарахгүй” ээ.
-Бүжиг урлаг, спортын аль алиных нь төрөлд тооцогддог. Тиймээс бүжигчид тамирчидтай адил хэмжээний золиос гаргадаг гэж санагддаг. Таны хувьд ямар золиос гаргаж байв?
-Энгийн нэгэн жишээ хэлье. Энийг гэхдээ золиос гэж хэлэх нь зөв бурууг мэдэхгүй байна. Би бүжгийн уралдаануудад соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч А.Батхүү багшийнхаа дэглэж өгсөн украин ардын бүжгийн үзүүлбэрээр оролцдог. Энэ бүжиг хөлийнхөө хуруун дээр зогсож бүжиглэдэг гэдгээрээ бусад ардын бүжгээс онцлог. Гэхдээ бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлж, хамгаалахын тулд хоёр хөлийн хуруундаа зөөлөвч өмсөж бүжиглэх ёстой. Харин би үзэгчдэд төгс үзүүлбэр үзүүлэхийн тулд хурууны зөөлөвчгүй бүжиглэдэг.
2018 онд UBS телевизээс зохион байгуулсан “Perfect dance” уралдаанд А.Батхүү багшийнхаа дэглэж өгсөн “Уулын залуу” украин ардын бүжгээр оролцсон юм. Өглөөнөөс орой хүртэл тайз руу гарах ээлжээ хүлээнгээ бүжгээ хөлийн хурууны зөөлөвчгүй бэлдэж байгаад хоёр хөлийнхөө эрхийг хурууг мулталчихсан. Тэгээд гутал өмсөөд бүжиглэе гэж шийдээд гутлаа угласан хоёр хөлийн эрхий хуруу хавдчихсан гутал багтдаггүй. Тэгэхээр нь хөлөө сойж байгаад гутлаа чихэж өмсөөд, өвчин намдаах эм уугаад, “шүд зуугаад” л бүжиглэсэн. Тайзнаас буугаад гутлаа тайлсан чинь хоёр хөлний хавдар бүр том болчихсон, хоёр оймсны үзүүр тэр чигтээ цус болчихсон байсан. Тэр өдрөө алхаж ч чадахааргүй болсон. Хөлөө эдгэтэл хэсэг хугацаанд тэр бүжгээ бүжиглээгүй.
БИ ОЛОН УЛСАД ТАНИГДАЖ ЧАДВАЛ БАТЧУЛУУНЫ ЭРДЭНЭБАЯР ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ МОНГОЛЫН БҮЖИГЧИН ЭРДЭНЭБАЯР ГЭЖ ДУУДАХ БОЛНО
-Ажил мэргэжлээсээ авдаг хамгийн сайхан мэдрэмжээсээ хуваалцаач?
-Тайзан дээр ая дуусахтай зэрэгцээд бүжгийнхээ хамгийн сүүлийн хөдөлгөөнийг хийсний дараа үзэгчдийн өгдөг алга ташилтаас илүү сайхан мэдрэмж гэж үгүй. Урт удаан хугацааны бэлтгэл, хүнд хэцүү үеүдийг үзэгчдийн алга ташилт тэр дороо мартуулчихдаг.
Миний нэг том зорилго бол нэг үеийн болон доод үеийнхээ мэргэжлийн бүжигчдийн олон улсын тэмцээнд оролцох үүд хаалгыг нь өөрөө урд нь яваад нээж өгөхийг хүсдэг. Мөн нэг холын мөрөөдөл минь олон улсад танигдсан бүжигчин болох. Учир нь би олон улсад танигдаж чадвал Батчулууны Эрдэнэбаяр гэхээсээ илүү Монголын бүжигчин Эрдэнэбаяр гэж дуудах болно. Тиймээс ажил мэргэжлээрээ олон улсын тавцанд гарч Монгол Улсаа сурталчлахыг хүсч байна.
-Манай урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Сүүлийн хариултыг танд асуултгүйгээр үлдээе.
-Баярлалаа. Миний багш нар болох гавьяат жүжигчин Ц.Алтангэрэл, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Оюун, соёлын тэргүүний ажилтан, Ц.Мөнхдэлгэр, Н.Болор, А.Батхүү болон Монгол Улсын консерваторийн бүх багшдаа танай сайтаар дамжуулан баярлалаа гэж хэлмээр байна.
Мөн Монголын мэргэжлийн урлагийн салбарынхан маш их хичээж байгаа, алт, мөнгөн үеийнхээ уран бүтээлчдийн олон улсад гаргасан амжилтыг давтах, улам их амжилт үзүүлж улсынхаа нэрийг гаргахаар хөдөлмөрлөж байгаа гэдгийг төр засгийн удирдлагууд, үзэгчиддээ хэлэхийг хүслээ. Тиймээс төр засгаас зөвхөн бүжигчдийг гэлтгүй урлагийн, мэргэжлийн урлагийн бүх л салбарынхнаа багахан ч атугай дэмжээсэй.
Бид зардал мөнгөгүйн улмаас цахимаар тэмцээнд оролцдог бол гадаадын бүжигчид багш, дасгалжуулагч, бүр хөл амраагч, сэтгэл зүйчтэйгээ очдог | ||
Үзсэн: 5255 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.