Шууд Chart

Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга БНХАУ-д ажиллав

2014-05-20 11:08:31

Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга тавдугаар сарын 12-16-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо ажлын айлчлал хийжээ. 

Айлчлалын хүрээнд Монгол-Хятадын хилийн усны хамтарсан комиссын ээлжит зургаадугаар хуралдаанд оролцож, БНХАУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах яам, Ойн улсын захиргааны удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийсэн байна. БОНХ-ийн дэд сайд Б.Тулга, БНХАУ-ын Ойн улсын захиргааны дэд дарга Ли Дун Шин-тэй хоёр улсын Ойн салбарын хамтын ажиллагааны асуудлаар уулзаж ярилцжээ.
 
Монгол Улсын Байгаль орчны яам, БНХАУ-ын Ойн улсын захиргааны хоорондын хамтын ажиллагааны асуудлаар 2008 онд санамж бичиг байгуулсан бөгөөд энэ хүрээнд хоёр удаагийн уулзалтыг зохион байгуулжээ. Тэд 2008 онд эхлүүлсэн Ойн салбарын хамтын ажиллагаа техникийн шинж чанартай байна. Иймд шинэ агуулгаар баяжуулах, илүү бодлогын чанартай асуудлууд руу чиглүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, хоёр улсын Ойн салбарын III уулзалтыг 2015 онд хийхээр тогтлоо.
 
Мөн БНХАУ-ын Ойн улсын захиргаа Монголын Мазаалай баавгайг хамгаалах, өсгөн үржүүлэхэд Панда баавгайг өсгөн үржүүлсэн туршлагаа  хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлж, Мазаалай баавгайн ажлын хэсгийн гишүүдийг урьсан байна.
 
Түүнчлэн дэд сайд Б.Тулга, Хятадын Хүрээлэн буй орчныг хамгаалах яамны дэд сайд Ли Ганже-тэй уулзаж, хоёр талын хооронд 2012 онд байгуулсан Санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг урагшлуулах, бүс нутгийн хамтын ажиллагааны  тодорхой асуудлуудаар харилцан санал солилцжээ.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга БНХАУ-д ажиллав   
Үзсэн: 1290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй