![](/uploads/201405/news/thumb/308281cf5c3ac60e49bd4fe990ee384d_x3.jpg)
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблейн үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Др.Шин Ян-сутэй Женев хотноо албан уулзалт хийжээ.
Уулзалтын эхэнд сайд Н.Удвал Монгол Улсын хүн амын дунд түгээмэл тохиолдож байгаа халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн нэг болох архины хэрэглээг бууруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн гаргасан санаачилга хийгээд Монгол Улсын Засгийн газрын зүгээс баримталж байгаа бодлого, арга хэмжээний талаар Бүсийн захиралд товч танилцуулсан байна.
Бүсийн захирал Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа дээрх санаачилгыг нааштай хүлээн авч, уг зөвлөлдөх уулзалтыг 2015 оны зургаадугаар сард Монгол Улсад зохион байгуулах, улмаар зохион байгуулалтын явцад Бүсийн Хорооны зүгээс мэргэжил арга зүйн болоод бусад дэмжлэгийг үзүүлэхээ амлав. Түүнчлэн тэрбээр бэлтгэл ажлын хүрээнд Бүсийн Хорооноос холбогдох мэргэжилтнийг ойрын хугацаанд Монгол Улсад томилон ажиллуулж, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах талаар хамтарсан төслийн санал боловсруулахаар шийдвэрлэлээ.
Мөн өдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал Тайландын Нийгмийн эрүүл мэндийн сайд Др.Прадит Синтаванаронг-той уулзалт хийж, архины хэрэглээг бууруулах асуудлаар хамтран ажиллах, харилцан туршлага судлах асуудлаар санал солилцож, ярилцжээ. Тус улсын Сайд Прадит Синтаванаронг Монгол Улсын санаачилгыг дэмжин хүлээж авч байгаагаа илэрхийлээд, 2015 онд Монгол Улсад зохиогдох зөвлөлдөх уулзалтад өөрийн улсын төлөөлөгчдийг оролцуулан үндсэн хуралдаан болон салбар хэлэлцүүлгүүдэд үг хэлүүлж, илтгэл тавиулах боломжтойг уламжилсан байна.
![](/uploads/assets/image/38.jpg)
Н.Удвал сайд архины хэрэглээг бууруулахын тулд олон улстай хамтарна | ||
Үзсэн: 1193 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.