![](/uploads/201405/news/thumb/8bc037243f3be4027387a590e5ebe103_x3.jpg)
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, эхлээд Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын гишүүд Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг өнгөрсөн оны тавдугаар сард, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын гишүүд Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан мөн оны наймдугаар сард өргөн мэдүүлснийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Байнгын хорооноос хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Тлейханаар ахлуулан байгуулжээ.
Тус ажлын хэсэг гишүүдийн санаачилсан хоёр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийн явцад нэгтгэн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн гаргасан саналыг тусгаж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг тодорхой болгох үүднээс зарчмын зөрүүтэй хэд хэдэн саналын томьёолол бэлтгэснээ Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.
Хуулийн төслүүдтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй тул ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Түүнчлэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцааж, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаарх ажлын хэсгийн саналын томьёоллыг дэмжив. Өөрөөр хэлбэл, С.Ганбаатар гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг буцааж байгаа юм.
Дараа нь Ажлын хэсгийн ахлагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Батхүүг томилохоор тогтлоо.
Компанийн тухай хуульд оруулсан С.Ганбаатар гишүүний өөрчлөлтийг дэмжсэнгүй | ||
Үзсэн: 912 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.