Шууд Chart

Боловсролын салбарт төрөөс баримтлах бодлогыг байнгын хороо дэмжлээ

2014-05-20 17:12:04

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
 
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын шинэчлэн найруулсан төсөлд боловсролын салбарт урт хугацаанд тогтвортой баримтлах бодлого, стратегийг тодорхойлж, төрөөс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр тусгажээ.
 
Асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан сайн багш нартай байж боловсролын салбарыг хөгжүүлнэ гэдгийг онцлоод багш нарын хөдөлмөр нэмэгдэж байгаа ч ажлын үнэлэмж, нийгмийн баталгааны асуудал бодлогод яаж туссан талаар тодруулсан.
 
Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, тогтоолын төслийг хэрэгжүүлэх 10 жилийн хугацаанд боловсролын салбарт гарах өөрчлөлт харагдахгүй байна. Эрүүл мэндийн шалтгааны улмаас болон сургуульд явах сонирхолгүйн улмаас сургууль завсардсан хүүхдүүд байдаг. Ийм нөхцөлд эдгээр хүүхдүүдэд боловсрол олгох асуудлыг бодлогоор хэрхэн шийдэх, түүнчлэн зургаан настай хүүхдүүд нэгдүгээр ангид элсдэг болсноор хөдөө орон нутагт амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан тэднийг дотуур байранд суулгаж байгааг төрөөс эргэж харах боломж байгаа эсэхийг лавласан юм.
 
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хариулахдаа, тухайн багшийн эзэмшсэн арга барилаас шалтгаалж ажлын ачаалал нь өөр өөр байдаг. Цаашид багш нарын цалинг нэмэх бодлого барина. Ингэхдээ аль болохоор хүүхдүүдийг хамруулсан секц, дугуйлан зэрэг хичээлээс гадуурх үйл ажиллагааг урамшуулах чиглэлийг баримтлах зорилготой. Сургууль завсардсан хүүхдүүдэд боловсрол олгож байгаа өнөөгийн тогтолцоо үргэлжилнэ. Зургаан настай хүүхдүүдийг дотуур байранд байлгах асуудал үнэхээр хүнд байдалтай байгаа. Дотуур байранд хүүхэд асрах багш ажиллах тухай тогтоол 2010 онд батлагдсан ч хэрэгжилт муутай байна. Цаашид бүх ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг асрах багштай болгох асуудлыг шийднэ гэв.
 
Асуудлыг хэлэлцэж дууссаны дараа байнгын хорооны дарга ирэх долоо хоногт боловсролын суурь бодлогын талаар хэлэлцүүлэг зохион байгуулна гэдгийг дуулгалаа. Ингээд тогтоолыг төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов.
Нийтэлсэн: О.Энхмаа

Боловсролын салбарт төрөөс баримтлах бодлогыг байнгын хороо дэмжлээ  
Үзсэн: 1492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй