Шууд Chart

ХҮЭК-ын дарга Ж.Бямбадорж: Хоригдлуудаас гомдол их ирдэг

2014-05-21 09:17:34

Хүний эрхийн дэд хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Цагдан хорих болон хорих байгууллага дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нарын мэдээллийг сонслоо.

Сайдын мэдээлснээр, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэг нь батлагдсан орон тоогоор нийт 59 эмч, эмнэлгийн ажилтан, 120 ортой үйл ажиллагаа явуулж байгаагаас одоогоор батлагдсан орон тооноос зургаан эмч, эмнэлгийн ажилтан дутуу байна. Мөн эмнэлгийн барилга нь анх сүрьеэгийн эмнэлгийн зориулалтаар баригдсан бөгөөд удаан жилийн ашиглалтын хугацаанд хуучирч муудсан, шаардлага хангахгүй байгаа. Тус эмнэлэг нь 2013 онд өссөн дүнгээр 14064 ялтанд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол 2014 оны эхний тавдугаар сарын байдлаар давхардсан тоогоор анги, албанаас орон нутгийн эмнэлэгт үзлэг, шинжилгээнд хамрагдсан 535, Нэгдсэн эмнэлгийн эмч нарын үзлэг, шинжилгээнд хамрагдсан 8155, Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 1857, ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 1958, төрөлжсөн нарийн мэргэжлийн төв, II, III шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 42, нийт 3857 ялтан байгаа ажээ.
 
Түүний дараа Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж мэдээлэл хийлээ. Түүний мэдээлснээр, Комисс 2009-2013 он, 2014 оны тавдугаар сарын 16-ны өдрийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 1979 гомдлыг хүлээн авсан байна. Үүнээс хөдөө, орон нутгийн болон Улаанбаатар хотод байрлалтай ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ял эдэлж байгаа болон сэжигтэн, яллагдагчаар цагдан хоригдож буй иргэдээс 859 гомдол ирүүлсэн байна.
 
2009-2013 оны байдлаар Комиссын гишүүний 62 шаардлага, 71 зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн бөгөөд эдгээрээс есөн шаардлага, 14 зөвлөмжид хорих анги, цагдан хорих байруудын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлэх талаар дурдсан байжээ.
 
Түүнчлэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүд 461 дүгээр хорих ангид хүн амиа алдсан асуудлын талаар асууж байсан тул  ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж тодорхой хариулт өгсөн байна.
 
Гишүүд холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж хариултаа авснаар хуралдаан өндөрлөжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

ХҮЭК-ын дарга Ж.Бямбадорж: Хоригдлуудаас гомдол их ирдэг  
Үзсэн: 1101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй