Шууд Chart

Цагаатгах ажлын Комиссын дүрэмд өөрчлөлт оруулахаар боллоо

2014-05-21 12:15:26

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог тус комиссын хуралдааныг өнөөдөр хийлгэж комиссын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журамд зохих өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцүүллээ.

Хуралдааны үеэр тус Комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг нэн яаралтай шийдвэрлүүлэх үндэслэл, шаардлагын талаар ярихдаа, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах тухай өргөдөл гаргах хугацаа, нөхөх олговор нэхэмжлэх нэхэмжлэл гаргах хугацаа гурван удаа сунгагдаж улмаар 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Хуулийн төсөлд дээрх хугацааг сунгах, зарим нэр томьёоны ойлголт болон эрх үүргийг тодорхой болгох, нөхөх олговрын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг шаардлагыг харгалзан Улсын комиссоос байгуулсан ажлын хэсэг хуулийн төсөл боловсруулсныг УИХ-ын Тамгын газарт хүргүүлээд байгаа тухай танилцуулсан юм.
 
Улсын комиссын “Мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй хэдий ч нөхөх олговроо аваагүй 13000 гаруй хэлмэгдэгч байгаа ажээ. Энэ нь Цагаатгалын хуульд заасан нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй хүмүүс, ар гэрийнх нь хууль батлагдсанаас хойших 16 жилийн хугацаанд Улсын комисст хандаагүй байгаа нь нөхөх олговор авах нэхэмжлэгч байхгүйтэй холбоотой байж болох талтайг Комиссын нарийн бичгийн дарга дурдаад өдийд нөхөх олговроо авахаар материалаа бүрдүүлж буй 1000 гаруй нэхэмжлэгч байна.
 
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын Комиссын дүрэмд өөрчлөлт оруулахыг Комиссын гишүүд дэмжсэнээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Цагаатгах ажлын Комиссын дүрэмд өөрчлөлт оруулахаар боллоо  
Үзсэн: 1069 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй