Шууд Chart

Х.Баттулга, Д.Ганбат нар аймгийнхаа удирдлагуудтай цахим уулзалт хийлээ

2014-05-22 10:02:37

УИХ-ын гишүүдийн уламжлалт цахим ярилцлага өчигдөр Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нарын орон нутгийн удирдлагатай хийсэн ярилцлагаар үргэлжиллээ.

Цахим ярилцлагад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, аймгийн ЗДТГ-ын удирдлагууд оролцсон юм.
 
Энэ үеэр Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга О.Тойвгоо аймгийн хэмжээнд 2014 оны нэгдүгээр улиралд хийж байгаа ажлаа танилцуулсан юм. Үүний дараа аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан тус аймагт хэрэгжиж байгаа “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.
 
УИХ-ын гишүүн Х.Баттулга, аймгийн хэмжээнд тулгамдсан асуудал олон бий. Хамгийн түрүүнд сумдад өөрчлөлт хийж, Баянхонгор аймгийг жишиг аймаг болгох зорилт тавьсан. Зорилтоо биелүүлэх алхмыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурдав. Мөн тэрбээр Баянхонгор аймагт баруун бүсийн худалдааны төвийг ашиглалтад оруулсан, цаашид аймгийн төвөөс БНХАУ-ын Эрээн хот, ӨМӨЗО-ны Хөх хот руу шууд нислэг хийх боломжтой тухай танилцуулав. Түүнчлэн “Шинэ сум” төслийг Баянхонгор аймагт амжилттай хэрэгжүүлж байгаа хэдий ч цаашид үргэлжлүүлэхэд бэрхшээл тулгарч буй. Төсөв мөнгөтэй холбоотой хөрөнгө оруулалтын асуудал тулгамдаж байгаагийн зэрэгцээ хөдөөд үргүй зардал цацлаа гэж үзэх хүмүүс бий. Хөдөө орон нутгийг хүний амьдралын бүхий л нөхцөлийг хангасан, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд орон нутгийн иргэд дуу хоолойгоо нэгтгэмээр байгааг аймгийн удирдлагуудад хэлсэн юм.
 
Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат хөдөө сумдыг Төрийн бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд таваас зургаан сум байнгын эрчим хүчинд холбогдоогүй. Тэдгээрийн гурав нь Баянхонгор аймагт байна. Богд сум наадмаас өмнө холбогдоно. Шинэ жинст сумыг наадмаас өмнө байнгын эрчим хүчинд холбогдох тал дээр аймгийн удирдлагууд анхаарч ажиллаарай гэж хэлэв. 
 
Баянхонгор аймаг газрын баялаг ихтэй, гадаад улстай хил залгаа байдаг хэдий ч хилийн боомт байдаггүй. Хилийн боомт байгуулах асуудал ямар шатандаа явж байгааг аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүдээс тодруулав. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Ганбат “Монгол Улс хилийн боотмын тухай хуультай болсон. Дөрвөн газар шинээр боомт нээх асуудал яригдаж буй. Бид Баянхонгор аймагт хилийн боомт нээх асуудлаар холбогдох хүмүүстэй санал солилцож байна” гэж хариуллаа.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Х.Баттулга, Д.Ганбат нар аймгийнхаа удирдлагуудтай цахим уулзалт хийлээ  
Үзсэн: 1206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй