Шууд Chart

Ц.Нямдорж: Ц.Даваасүрэн дундаас нь мөнгө идэх гэж байна

2014-05-22 12:41:05

УИХ-ын нэгдсэн чуулган үдээс өмнөх хуралдаанаараа Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Тодруулбал,  “царцаасан” гэх барилгуудад төсвийн тодотгол хийсэн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцсэн юм. Энэ үеэр гишүүд асуулт асууж саналаа хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дээрх “царцаасан” обьектуудад тодотгол хийсэн Төсвийн байнгын хорооны гишүүд өөрсдөө зохиомлоор үнэ нэмсэн гэж үзэж байгаа ажээ.

Тэрээр “Төсвийн байнгын хорооны Ц.Даваасүрэн, Б.Болор хоёр төсөв зохиодог төсөвчин болчихсон юм уу? Засгийн газраас оруулж ирсэн тухайн барилгын мөнгөн дүн дээр өөрсдөө ингэж мөнгө нэмж болохгүй. Ц.Даваасүрэн 1000 оюутны байр яриад л яваад байсан. Сая төсөв хэлэлцэж байх үед өөрөө тэр оюутны байран дээр очиж байгаад мөнгө нэмүүлчихсэн. 600 саяар баригдах байсан сумын  соёлын төвийн барилгыг нэг миллиард 600 сая төгрөг болгочихоод оруулаад ирэх юм. Тэр илүү мөнгийг та нар замаас нь авах гэж байна. Улсын төсвийн хөрөнгөөр ингэж сонгуулийн зардал хийдгээ болих хэрэгтэй” гэж хэлсэн юм.
 
Харин О.Баасанхүү гишүүний хувьд “царцаасан” барилгуудад ингэж төсвийн тодотгол хийж олон барилга барьж байхын оронд тэр мөнгөө нийгмийн халамжид зарцуулах хэрэгтэй гэж үзэж байлаа. Тэрээр мөн “Дандаа сургууль, цэцэрлэг барина гээд байсан хэрнээ одоо ингээд том шорон барих, аврах ангийн барилга барих гээд ороод ирчихсэн байх юм. Хууль сахиулахын сургуулийг энэ онд барьж дуусгахгүй байж яахаараа заавал шорон барих гээд байгаа юм, Х.Тэмүүжин сайдад энэ ямар хэрэгтэй юм бэ” гэлээ.
 
Түүний энэхүү асуултад Б.Болор гишүүн хариулахдаа, анх 15 тэрбумаар төсөвлөгдсөн байсан шоронгийн барилгын ажил нэгэнт эхэлсэн учир одоо гүйцээх хэрэгтэй гэж үзсэн. Харин байнгын хороо 15 тэрбумыг нь гурван тэрбум болгосон гэж тайлбарлалаа.
 
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн бөгөөд үдээс хойш үргэлжлүүлэн хуралдана.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ц.Нямдорж: Ц.Даваасүрэн дундаас нь мөнгө идэх гэж байна  
Үзсэн: 1834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй