Шууд Chart

Хууль сахиулахын их сургуулийн барилгыг энэ онд гүйцээх боломжгүй

2014-05-23 12:07:47

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж 2014 оны төсвийн тодотголын тухай хэлэлцэж байна.

Төсвийн тодотголын талаар Төсвийн байнгын хорооны дэмжигдээгүй саналуудаар санал хурааж байгаа юм. Төсвийн байнгын хороонд дэмжигдээгүй саналууд дунд Хууль сахиулахын их сургуулийн барилгыг гүйцээж барихын тулд 20 тэрбум 500 сая төгрөг оруулах Д.Лүндээжанцан гишүүний санал байсан юм.
 
Хууль сахиулахын их сургуулийн барилгыг өнгөрсөн жил барьж эхэлсэн бөгөөд энэ жил төсөвлөгдсөн хөрөнгийг зогсоож хөдөө орон нутаг дахь сургууль, цэцэрлэгийн барилгуудад тусгасан.  
 
Д.Лүндээжанцан гишүүн Хууль сахиулахын их сургууль өмнөх барилгаа нураагаад шинэ барилгын ажлаа эхлүүлчихсэн. Тэгээд ч манай улсын хууль зүйн салбарын бүх боловсон хүчнийг бэлтгэдэг сургууль учраас барилгын ажлыг дуусгах ёстой гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн энэ талаар Х.Тэмүүжин сайдыг тайлбар хийхийг шаардлаа.
 
Харин Х.Тэмүүжин сайд Хууль сахиулахын их сургуулийн барилгыг гүйцээхийн тулд 20 тэрбум төгрөг одоо төсөвлөх боломжгүй, дэмжихгүй байна гэсэн юм. Тэрээр мөн энэ сургуульд 3000 гаруй оюутан, 20 мянга гаруй албан хаагчийн сургалтыг хариуцдаг. Гэхдээ төсөвд “0” дүнтэй тусгаж хөрөнгө оруулалтыг нь тараасан тул ямар ч боломжгүй. Харин үүний оронд “царцаагдсан” барилгуудыг гүйцээхийн тулд Хөгжлийн банкнаас гаргахаар яригдаж, Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн 550 тэрбум төгрөгийг орж ирвэл нэн тэргүүнд Хууль сахиулахын их сургуулийн барилгыг гүйцээх боломжтой гэсэн юм.
 
Ингээд гишүүд санал хураалт явуулж тус сургуулийн барилгыг гүйцээж барих санал дэмжигдсэн ч санал хураалтыг хүчингүйд тооцож дахин санал хураалт явуулсан.
 
Учир нь Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн алдагдал нь Дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн өрийн дээд хэмжээний заалтыг зөрчиж байгаа учраас энэ саналд тусгасан 20 тэрбум төгрөгийг дэмжвэл хууль зөрчинө гэж үзсэн юм.
 
Ийнхүү дахин санал хураалт явуулахад Д.Лүндээжанцан гишүүний санал дэмжигдэлгүй унасан бөгөөд ингэснээр Хууль сахиулахын их сургуулийн барилгын ажлыг энэ онд гүйцээх боломжгүй болж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Хууль сахиулахын их сургуулийн барилгыг энэ онд гүйцээх боломжгүй   
Үзсэн: 1581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй