Шууд Chart

550 тэрбум төгрөгийн бондыг гаргах боломжгүй гэж үзлээ

2014-05-23 12:39:51

УИХ-ын нэгдсэн чуулганаар 2014 оны төсвийн тодотголын талаар үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

“Царцаагдсан” гэх тодотголтой обьектуудыг тойрсон асуудал үүсээд багагүй хугацаа өнгөрч байна. Өнөөдрийг хүртэл дээрх обьектуудыг ямар хөрөнгийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлж, барилгын ажлыг дуусгах нь тодорхойгүй байсаар байгаа. Төсвийн тодотголоор зарим ажлуудыг дуусгахаар хэлэлцэгдэж байгаа ч энэ нь хангалттай бус. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Болор, С.Ганбаатар, Д.Эрдэнэчимэг, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат нар Хөгжлийн банкнаас 550 тэрбум төгрөгийн бонд гаргаж улсад нэн шаардлагатай байгаа царцаагдсан барилгуудыг гүйцээх санал гаргаж түүнийг нь Төсвийн байнгын хороо дэмжсэн.
 
Төсвийн байнгын хорооноос 130 тэрбум төгрөгийн зам гүүрийн ажил болон нийт 200 гаруй обьектийн барилгуудын ажлыг энэ онд гүйцээж хийхгүй бол ирэх зуны бороо, шороонд ороод ирэх намар гэхэд одоо байгаагаасаа илүү өртөгтэй болно гэж тооцоолж байгаа аж. Үүнээс сэргийлж улсын төсөвт суулгах гэхээр боломжгүй байгаа. Тиймээс өрийнхөө босгыг нэмэгдүүлж өр тавьж байж дээрх барилгуудын ажлыг дуусгахаас өөр аргагүй гэж үзэж байгаа ажээ.
 
Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн чуулганы хуралдааны үеэр танилцуулсан юм.
 
Хэлэлцүүлгийн үеэр С.Баярцогт гишүүн уг 550 тэрбум төгрөгийн бондын эргэн төлөгдөх нөхцөл болон хугацааны талаар сонирхсон юм. Харин С.Бямбацогт гишүүн ингэж бонд гаргах нь Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж буйгаа хэлсэн юм.
 
Харин Сангийн сайд Ч.Улааны хувьд нэгэнт ажил нь эхэлсэн обьектийг шийдэх хэрэгтэй. Энэ асуудлыг өр үүсгэж байж шийдэхээс өөр аргагүй хэмээсэн. Өөрөөр хэлбэл, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээг нэмэгдүүлж өр үүсгэж байж л энэ асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байлаа.
 
Гишүүд саналаа хэлцгээсний дараа УИХ-ын дарга 550 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудал хууль зөрчиж байгаа учир санал хураалт явуулах боломжгүй гээд Засгийн газрыг дээрх “царцаагдсан” барилгын ажлуудыг дуусгах өөр арга ол гэсэн юм. Учир нь Хөгжлийн банкнаас 550 тэрбум төгрөгийн бонд гаргах нь нэгдүгээрт манай улсын өрийн дээд хэмжээг зөрчинө, хоёрдугаарт хөгжлийн банкинд ийм үүрэг байхгүй аж.
 
Харин Төсвийн байнгын хорооны дарга Засгийн газар санал оруулж ирсэн, үүнээс арга олоогүй гэсэн тайлбарыг өглөө. Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд дээрх барилгуудын ажилыг дуусгах арга хэлж өгсөн юм. Тодруулбал, Хөгжлийн банк дахь Эрчим хүчний сайд, Барилга хот байгуулалтын сайд, Зам тээврийн сайдуудын багцын хөрөнгийг нийлүүлээд 400 тэрбум төгрөг болно. Түүнийг нь дээрх дутуу барилгын ажлуудад зарцуулах боломжтой гэж үзжээ.
 
Мөн дээрх сайд нарын багцын хөрөнгийг Хөгжлийн банк өөрөө хариуцдаг тул улсын төсөвт эргэж төлөгдөх асуудал үүсэхгүй аж.
Үүгээр Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

550 тэрбум төгрөгийн бондыг гаргах боломжгүй гэж үзлээ  
Үзсэн: 1204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй