![](/uploads/201405/news/thumb/41a7e272df11e187b4ba373194131255_x3.jpg)
УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар өнөөдөр дугуйн спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлж оролцох тамирчидтай уулзаж, амжилт хүслээ.
Олон улсын дугуйн холбоо болон Азийн дугуйн холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү тэмцээнд Монголын дугуйн холбооноос анх удаа өргөн бүрэлдхүүнтэйгээр оролцож байгаа юм. Өнгөрсөн 2013 онд Энэтхэг улсад болж байсан бол энэ жил Казакстаны Нийслэл Астана хотод болох ажээ. Азийн аварга шалгаруулах тэмцээн 18 нас, 18-23 нас, насанд хүрэгчдийн гэсэн гурван насны ангилалаар явагдах бөгөөд манай улсаас Олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар дасгалжуулагчтай дугуйн спортын “Атилла” клубын 13 тамирчин оролцох ба тамирчид маргааш өглөө 06 цагт Казакстан улсыг зорих юм байна.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан тамирчдад амжилт хүсэж үг хэлэв. Тэрээр өнгөрсөн 2013 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд манай тамирчин Т.Энхжаргал амжилт гаргаж алтан медаль хүртсэнийг онцлоод энэ удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй тамирчдад ихээхэн итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлэв.
Мөн УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, дугуйн спортыг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг туслалцаа шаардлагатай байгааг онцлоод энэ тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ. Юун түрүүн дугуйн спортын шигшээ багийг бүрдүүлэх шаардлагатайгаас гадна цаашид энэхүү спортоор хичээллэх сонирхолтой залуучуудад зориулсан тусгай ханан тойргийн цэнгэлдэх хүрээлэн байгуулах төлөвлөгөөтэй байгаа тухай дуулгасан юм.
Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл нар дугуйн спортын тамирчидтай уулзав | ||
Үзсэн: 1262 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.