Долоо хоног бүрийн даваа гарагт болдог Засгийн газрын Бүтээн байгуулалтын цаг уулзалт өнөөдөр боллоо.
Бүтээн байгуулалтын цаг уулзалтад Төрийн орон сууцны корпорацийн удирдлагууд оролцож “Буянт-Ухаа 1” болон “Буянт-Ухаа 2” хорооллын талаар мэдээлэл өглөө.
Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан Хөгжлийн банкны 50 сая долларын хөрөнгө оруулалт бүхий “Буянт-Ухаа 1” хороолол 2013 оны дөрөвдүгээр сард баригдаж эхэлжээ.
Уг хорооллын барилгын ажлыг дууссаны дараа Засгийн газраас байрны захиалагчийнг сонгон шалгаруулах журам баталсан. Үүний дагуу ТОСК-аас ТҮЦ машинаар дамжуулан гуравдугаар сарын 10-24-ний өдрүүдэд 9094 хүн бүртгүүлжээ. Нийт 5935 иргэн сугалаанд оролцох эрхээ авч үүнээс 1540 иргэн тус хороололд байр худалдаж авах эрх үүссэн аж. Одоогоор байр худалдаж авах эрх нь үүссэн иргэд байраа сонгох ажил явагдаж байгаа юм.
Нийтдээ 76.793.0 м.кв бүхий 1764 айлын “Буянт-Ухаа 1” хорооллыг 2013 оны дөрөвдүгээр сард барьж эхэлснийг дээр дурдсан. Нийтдээ 90 орчим хуулийн этгээд туслан гүйцэтгэгчээр оролцсон тус хорооллын барилгын ажлын явцад 1500 гаруй хүний ажлын байр шинээр бий болгосон байна.
ТОСК-ийн удирдлагуудын өгсөн мэдээллээр “Буянт-Ухаа 2” хорооллын барилгын ажлын шав тавих ёслол өнөөдөр болсон бөгөөд энэ оны 11 дүгээр сар гэхэд эхний ээлжийн 2992 айлын орон сууцныг барьж дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.
Нийт 6912 айлын орон сууц, 280 хүүхдийн хоёр цэцэрлэг, 980 хүүхдийн Ерөнхий боловсролын сургууль, соёл, үйлчилгээний төв бүхий “Буянт-Ухаа 2” хороололд Чингис бондын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан 100 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн холбогдох мэргэжилтнүүд “Буянт-Ухаа 1” хорооллын борлуулалтын ажилд дүгнэлт хийсэн бөгөөд нэг өрөө орон сууцны захиалга бага ирсэн байна. Тиймээс “Буянт-Ухаа 2” хорооллын өрөөний зохион байгуулалтыг хийхдээ нэг өрөө байрыг харьцангуй цөөхөн байхаар тооцжээ.
Дээрх “Буянт-Ухаа 2” хорооллоос гадна ТОСК аймгуудтай хамтарч 1000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд Увс, Ховд, Архангай, Орхон зэрэг аймагт 1000 айлын орон сууцыг барих юм байна.
Түүнчлэн ТОСК-ийн удирдлагууд өнөөдөр болсон уулзалтын үеэр “Буянт-Ухаа 1” хорооллын нэг өрөө байраас квотдоо хүрэлгүй үлдсэн нийт 224 айлын нэг өрөө орон сууцны талаар мэдээлэл өглөө. Дээрх орон сууцыг хэрхэн хуваарилж борлуулах талаар ТОСК-иас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт, Ерөнхий сайдад өөрсдийнхөө саналыг хүргүүлсэн байгаа аж. Тиймээс Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу иргэдээс захиалга авах журмаа баримталж дээрх 224 айлын нэг өрөө орон сууцны асуудлыг шийднэ гэлээ.
“Буянт-Ухаа 2” хороололд 100 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ | ||
Үзсэн: 3493 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.