![](/uploads/201405/news/thumb/55e4e754045a5189dda2b2174fe12100_x3.jpg)
УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар нийт гурван асуудлыг хэлэлцсэн байна. Хурлаас гарсан шийдвэрийн талаар тус бүлгийн дэд дарга С.Одонтуяа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Бүлгийн хуралд Ерөнхий сайд оролцож, ОХУ-д айлчилсан айлчлалынхаа үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д айлчлахдаа тус улсын Ерөнхийлөгч В.Путин болон төмөр замын дарга, Роснефтийн захиралтай уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар болон хамтарсан төмөр замын ачаа эргэлтийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар санал солилцсон байна. Мөн ОХУ-аас БНХАУ руу татах хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах саналыг тавьсан байна. Энэ саналыг Засгийн газраас дэмжиж, шаардлагатай бүхий л зүйлд нь туслахаа Ерөнхий сайд илэрхийлжээ. Мөн Роснефть компанитай манай шатахуун импортлогч компаниудын төлөөлөл чухал хэлэлцээр хийжээ. Энэ нь урт, удаан хугацаанд Сингапурын биржийн үнэнд тулгуурлан үнэ тохирч импортын шатахуун авах хэлэлцээр аж. Тус хэлцэл хийгдсэнээр жил бүр 100 гаруй сая долларын эдийн засгийн хэмнэлтийг хийх юм байна.
Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тогтоолын төслийн хэрэгжилтийн байдал юм. Тус ажлын үр дүнгийн талаар холбогдох хүмүүсээс нь бүлгийн хурал дээрээ сонссон байна. Импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Хөгжлийн банкин дээр ирээд буй хоёр тэрбум гаруй төгрөгийн 888 төсөл хөтөлбөрт Чингис бондоос 100 сая долларын санхүүжилт хийхээр болж, мөнгийг нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан руу шилжүүлжээ.
Мөн цементийн хэрэгцээгээ дотоодоос хангах арга хэмжээний хүрээнд үндэсний гурван компанид хөнгөлттэй зээл өгөхөөр болсон байна. Тус ажлыг “МАК”, “Монполимент”, Баян-Өлгий аймагт баригдаж байгаа хамтарсан үйлдвэр гүйцэтгэхээр болжээ.
Мөн энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар АН бүлгийн хурлаараа хэлэлцэж саналаа нэгтгэсэн байна. Ингээд тус бүлэг Өрийн удирдлагын тухай хууль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль, Тендерийн тухай хууль зэргийг хэлэлцэхийг дэмжжээ.
АН-ын бүлгийн зүгээс Өрийн удирдлагын тухай хуулийг тус бүлгээс маш чухал хууль гэж үзэж байгаа аж. Мөн НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Харин НӨАТ-ын босгыг 50 сая байлгах уу, байлгахгүй юу гэдгийг хэлэлцэх явцдаа тодорхой болгосон дээр гэдэгт саналаа нэгтгэжээ.
Тендерийн тухай хуулийг ч мөн дэмжжээ. Хэрвээ энэ хуульд өөрчлөлт орвол тендерт ялсан компанийг 20 хоногт шалгаруулдаг болох юм байна. Мөн хамгийн бага мөнгөөр ажил гүйцэтгэх компанид эрхийг өгдөг бус тендер зарлаж буй газраас үнээ зарлаад ажлаа хийлгэдэг систем рүү шилжих юм байна.
С.Одонтуяа: ҮХАА-н сайдыг гаднаас томилох ёстой
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяагаас дараах тодруулгыг авлаа.
-Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хийгдсэн БНХАУ-аас ОХУ руу тавигдах хийн хоолойг манай улсын газар нутгаар дамжуулах саналд ОХУ-ын талаас хэр нааштай хандсан бэ. Хийн хоолойг манай улсын газар нутгаар дамжуулж тавих нь ямар ашигтай байх талаар намын бүлгийн хурлаар ярилцсан уу?
-Бүлгийн хуралдааны үеэр Ерөнхий сайд мэдээлэхдээ манай талаас шаардагдах бүх дэмжлэгийг үзүүлнэ гэж хэлсэн гэсэн. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ асуудал дээр нааштай хандаж холбогдох хүмүүст үүрэг өгсөн гэж мэдээлсэн. Энэ талаар Засгийн газрын мэдээллийн цаг дээр дэлгэрэнгүй танилцуулах байх.
-Дотоодын цементийн хэрэгцээг хангах зээлд гурван цементийн үйлдвэр хөрөнгө оруулахаар болсон гэсэн. Энд ямар компаниуд байгаа вэ?
-МАК, Монполимент, Баян-Өлгий аймагт баригдаж байгаа хамтарсан үйлдвэрийн Монголын талын хөрөнгөд Чингис бондын хөрөнгөөс хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон.
-Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хэргийг Уул уурхайн сайд давхар хариуцаж байгаа. Ачаалал ихтэй энэ хоёр яамыг нэг сайд хариуцаж байгаа байдал хэр удаан үргэлжлэх вэ. Намын бүлэг энэ асуудлыг хэлэлцсэн үү?
-ҮХАА-н сайдын асуудлыг өчигдөр бүлгийн хуралдаанаар ярилцаагүй. Гэхдээ аль болохоор энэ салбарын хүнийг хурдан оруулж ирж томилох нь зүйтэй гэдэгт АН-ын бүлгийн гишүүд санал нэгтэй байгаа.
-АН-ын бүлгийн зүгээс ҮХАА-н сайдад томилох хүнийг гаднаас оруулах уу, эсвэл дотроосоо томилох уу. Өөрөөр хэлбэл, дараагийн ҮХАА-н сайд дан дээлтэй байх уу, “давхар дээл”-тэй байх уу гэдэгт АН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Энэ талаар одоохондоо тодорхой мэдээлэл алга байна. Гэхдээ удахгүй тодорхой болох байх.
-Хувь хүний үүднээс та ямар байр суурьтай байгаа вэ?
-Нэгэнт “давхар дээл”-ний асуудал яригдаж байгаа учраас миний бодлоор дараагийн сайдыг гаднаас томилсон нь зүйтэй гэж бодож байна.
С.Одонтуяа: ҮХАА-н сайдыг гаднаас томилох ёстой | ||
Үзсэн: 877 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.