Японы мэргэжлийн сумо бөхийн 71 дэх аварга Сүхбаатар аймгийн уугуул Мангалжалавын Ананд өчигдөр эх орондоо иржээ. Түүнийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа. Тэрээр 2006 оны арваннэгдүгээр сарын башёгаас эхлэн дээд зиндаанд өрсөлдсөн бөгөөд Монголоос төрсөн дөрөв дэх сумогийн аварга болсон юм. Ингэснээр сумогийн 68, 69, 70, 71 дэх аваргууд Монгол Улсаас төрөөд байгаа билээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсынхаа нэр хүнийг өндөрт өргөж, монгол бөхийн удмыг залгаж яваа түүнд баяр хүргээд улам сайн хичээж барилдахыг ерөөлөө. М.Ананд сумогоор барилдах хүсэлтэй байгаа тухайгаа захидалд бичиж анх Япон улс руу явуулж байжээ. Тэрээр Япон улсад анх 16 настайдаа хөл тавьж байснаас хойш 12 жил өнгөрсөн байна хэмээн ярилаа. 12 жилийн дараа 71 дэх аварга болсондоо туйлын их баяртай байгаагаа ч дуулгалаа.
Тэрээр өдгөө 28 настай бөгөөд залуучуудад хандаж “Залуу хүн хүнтэй зөв харьцаж, хүнийг хүндлэх ёстой. Хүнийг хүндэлж байж, өөрөө хүндлүүлдэг. Өөрт оногдсон ажлыг бага гэлтгүй чин сэтгэлээсээ хариуцлагатай хийх хэрэгтэй. Тэгж гэмээнэ хүнд амжилт ирдэг” гэв. Одоогоор Япон улсад Монголоос 28 бөх сумогийн спортоор хичээллэж байгаа аж. Түүний 15 нь дээд зиндаанд барилддаг юм байна.
Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хэзээ эх орондоо ирэв?
-Юуны өмнө Монголын ард түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Өчигдөр эх орондоо ирлээ.
-Аварга цол хүртсэнээс хойш барилдаан хэрхэн өөрчлөгдөж байна?
-Асар их өөр юм байна. Тавдугаар сарын башёд барилдаад өөрийн биеэр мэдэрлээ. Их ч туршлага судаллаа.
-Таны дараагийн зорилго юу вэ?
-Мэдээж дараагийн башёд түрүүлэх, аварга цолоо батлахын төлөө хичээнэ дээ. Нутаг орондоо сайхан амарч байгаад очоод бэлтгэлээ хийнэ дээ.
-Эх орондоо хэр удах вэ?
-Нэг их удахгүй ээ. Энэ долоо хоногийг дуусгаад явах байх.
-Таныг барилдаж байхад Хакухо аварга гар өргөж танд даваа өгсөн?
-М.Даваажаргал аварга маань миний барилдааныг маш сайн харж байсан юм билээ. Бид тэр дор зүгээр суудаггүй. Шүүгч гэсэн ойлголтоор суудаг. М.Даваажаргал аваргын нүдэн дээр миний үснээс татаж байгаа хэсэг нь харагдсан юм байна лээ. Тэгээд гараа өргөсөн.
-Монгол бөхчүүдийг шахах байдал гардаг уу?
-Тийм зүйл бараг байдаггүй дээ. Гайгүй шүү.
Ерөнхий сайд их аварга М.Анандыг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 2345 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.