Шууд Chart

Гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөхийг дэмжлээ

2014-05-27 13:48:25

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

 Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо тавдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн юм. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж, үйлчлэх хугацааг нь 2.5 жилээр буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах зохицуулалт хийх үүднээс Засгийн газраас энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.
 
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд Сангийн сайд, Хөдөлмөрийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан саналаа хэллээ.
 
Сангийн сайд Ч.Улаан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улсын аж ахуйн нэгжүүдийн 90 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэрт хамаардаг бөгөөд төсвийн орлогын 10 орчим хувийг бүрдүүлдэг. Засгийн газар татварын бааз суурийг өргөтгөх үүднээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж татварын хөнгөлөлт үзүүлэх замаар хөл дээр нь босгох, хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болгох, татвар төлөлттэй холбоотой чирэгдэл, хүнд суртлыг арилгах бодлого барьж байгаа. Иймээс эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих үүднээс энэ төслийг оруулж ирж байгаа юм. Хуулийн төсөлд туссан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудлыг энэ оны дундуур өргөн барих төсвийн тодотголоор шийднэ гэдгийг хэллээ.
 
Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 44 нь буюу 80 хувь нь, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг 81.8 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөхийг дэмжлээ  
Үзсэн: 1125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй