УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо “Ардчилсан засаглалын институцийн хөгжилд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг: Үр дүн, сургамж” сэдэвт судалгааны хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, С.Дэмбэрэл, төслийн болон судалгааны багийн гишүүд, улс төрийн намуудын удирдлагууд, их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны төлөөллүүд оролцсон юм.
Энэ үеэр судалгааны багийн ахлагч, доктор, профессор Ч.Энхбаатар судалгааныхаа зорилго, аргачлал, үр дүнгийн талаар танилцуулга хийлээ.
Энэхүү судалгааны гол зорилго нь Монголын нөхцөл байдал, туршлагыг судлах, бусад улс орны жишигтэй харьцуулах замаар Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг, хэрэгжилтийн байдлыг судлах, өнгөрсөн хугацааны ололт, дутагдлаа дүгнэх, түүнчлэн дутагдалтай талыг залруулах зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад авч үзэж болох хувилбаруудыг боловсруулахад оршиж байгааг тэрээр хэлэв.
Уг судалгааны багийнхан “Монгол Улсын Үндсэн хууль 1992 оноос хойш ардчилсан засаглалын бат бэх суурийг тус улсад бий болгожээ. Аливаа Үндсэн хуулийн үүрэг нь нэг талаас зөрчлийг улс төрийн аргаар зохицуулах, нөгөө талаас төр засаг эрх мэдлийг урвуулан ашиглахаас сэргийлэх институцийг бий болгоход оршдог. Энэ утгаар авч үзвэл Үндсэн хууль анх дэвшүүлсэн зорилтдоо хүрсэн, ерөнхийдөө амжилттай хэрэгжсэн” гэж дүгнэж буйгаа танилцууллаа. Гэхдээ энэ нь Үндсэн хуулийг тэр чигээр нь, ямар ч өөрчлөлтгүйгээр хадгалах хэрэгтэй гэсэн үг биш. Үндсэн хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулахдаа түүний үндсэн бүтцийг эвдэх биш, харин улам бэхжүүлэх шаардлагыг иш үндэс болгох учиртай гэж үзэж буйгаа хэлээд судалгааны арга зүй, явц, тайлангийн бүтэц, судалгааны үр дүнгээр гаргаж буй зөвлөмжүүдээ танилцуулсан юм.
Үндсэн хуулийг амжилттай хэрэгжсэн хууль гэж дүгнэжээ | ||
Үзсэн: 929 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.