![](/uploads/201405/news/thumb/d6d099c9dce32669383eb8f6f7918c24_x3.jpg)
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна.
Чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч гишүүдээс уг асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал гарснаар гишүүдийн саналыг сонссон юм.
МАН-ын бүлэг өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэх үеэр хоёр хоногийн завсарлага авсан юм. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь Үндсэн хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчинө. Тиймээс энэ асуудлыг дахин хойшлуулах саналтай байна гэсэн юм. Өөрөөр хэлбэл, дээрх асуудлыг хэлэлцэхэд Төсвийн тогтвортой байдлыг давхар өргөн барьж өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Түүнчлэн МАН-ын бүлгийн зүгээс улсын өрийн дээд хэмжээг ДНБ-ий 70 хувьтай тэнцүүлэхийг дэмжихгүй байгаа гэдгийг ч хэллээ.
Харин Сангийн сайд Ч.Улаан анх Өрийн удирдлагын тухай болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барихдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг давхар өргөн барьсан гэдгийг хэллээ. Тэрээр мөн УИХ-аар хэлэлцэх дарааллын хувьд л өөрчлөлт ороод Төсвийн тогтвортой байдлын тухай хууль яригдахгүй байна. Тиймээс хуулиудын хэлэлцэх горимын дараалалд өөрчлөлт оруулвал болно гэсэн юм.
Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Оюунхорол болон С.Одонтуяа нар саналаа хэллээ.
Ингээд УИХ-ын дарга Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхэд санал хураахад нийт 52 гишүүний 26 нь зөвшөөрч, 26 нь эсэргүүцсэн юм.
Тухайн хэлэлцэгдэж буй асуудал гишүүдийн олонхийн саналыг аваагүй тохиолдолд дэмжигдээгүйд тооцогддог учраас ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газарт буцаалаа.
2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцсэнгүй | ||
Үзсэн: 899 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.